Өнөөдрийн 17 цагийн ЭМЯ-ны хэвлэлийн хуралд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар-Ховд аймгийн чиглэлд хүнс тээвэр ачиж явсан автомашинд Говь-Алтай аймгийн иргэн Э нь Ховд аймагт оршин суух бүртгэлтэй 10, Говь-Алтай аймагт оршин суух бүртгэлтэй нэг иргэнийг тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна.
Түүнчлэн Хэнтий аймаг руу хоёр, Дундговь аймгийн Даланжаргал сумын постоор том оврын автомашинд суун нэвтрэхийг завдсан дөрвөн иргэнийг саатуулсан. Энэ мэт хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм, хөл хорио тогтоосон үед нууцаар сууж явсан 28 иргэнийг илрүүлээд байна. Мөн 11 сарын 15-ны өдөр СХД-ийн 15-р дүүргийн нутаг дэвсгэрт шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн иргэнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.
Нийгэмд худал мэдээлэл тараасан 39 зөрчил, үйлдлийг илрүүлэн, 5 иргэнийг 500 000 төгрөгөөр торгож, 34 зөрчилд нь холбогдох шалгалтуудыг хийж байна" гэлээ.