Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр (2020.11.16) онлайнаар хуралдлаа.
Эхлээд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ирэх 7 хоногт Ажлын хэсэг, Байнгын болон Дэд хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа хууль тогтоомжийн төсөл, бусад ажлын талаар танилцуулав.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын байнгын болон нэгдсэн чуулганы хуралдааныг онлайн, цахимаар цаг давхардуулалгүй зохион байгуулах, томоохон хуулийн төслийн Ажлын хэсгүүд хуралдах боломжийг хангах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлсэн юм.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хөл хорионд ажилтнууд нь хамрагдсанаар хог ачилт, хүнсний бараа бүтээгдэхүүний худалдаа зэрэг үйлчилгээний байгууллагуудад хүн хүч дутах явдал гарч байж болзошгүй. Ер нь журам сахиулж, тусгай үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдаас гадна далд фронтод, хоёрдугаар эгнээнд ажиллаж байгаа хүмүүс олон бий шүү. Тэдэнд урам өгөх талаар анхаарууштай гэсэн санал хэлсэн бол УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат УИХ илүү санаачилгатай, ажил хэрэгч хандах шаардлагатай байна. Тухайлбал зээлийн хүүгийн асуудлыг яах вэ гэдэг асуудалд хариу өгөх хэрэгтэй байна гэв.