Парисын "Парк де Пренс" цэнгэлдэхэд болсон Аваргуудын лигийн хэсгийн тоглолт хөлбөмбөгийн түүхэнд хар толбо болон үлдлээ. Францын ПСЖ, Туркийн Истанбул багууд шүүгчийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэлсэний дараа талбайг орхин гарсан. Тодруулбал, тоглолтын 14 дэх минутад Румыны шүүгч Овидиу Хацеган талбайн гадна болсон маргааныг ажиглан, тоглолтыг зогсоосон. Истанбулын туслах дасгалжуулагч Пьер Вебо дөрөв дэх шүүгч Себастьян Колцескутой маргалдаж байхад Байдлыг сайн ойлгоогүй тул Хацеган дөрөв дэх шүүгчээс хэнд улаан карт өгөх ёстойг асуусан аж.
Гэтэл тэрээр “Сэлгээний суудалд байгаа хар залуу. Түүнийг шалгаарай. Тэр хар ингэж аашилж болохгүй” хэмээн хэлжээ. Үүнийг сонссон Вебо уурлаж “Чи яагаад намайг хар гэж дуудаж байгаан” хэмээн дайрсан байна. Ингээд довтлогч Демба Ба шүүгчтэй маргалджээ. Ингээд асуудал хүндэрч тоглолтыг бүх тамирчин орхин явсан байна. Удахгүй шүүгч ФИФА болон УЕФА-аас дахин ямар ч тэмцээн шүүх эрхгүй болох нь ойлгомжтой боллоо. Харин тоглолтыг хэзээ нөхөх талаар хуралдаж байж шийдвэрлэх юм байна.