Цаг үеийн мэдээ

Би бурханд тангараглая. Миний амьдрал бол кино. Миний амьдралын түүх яг л кино шиг. Энэ бүгдийг би жинхэнээсээ ярьж байна гэдгээ ч бас бас танд тангараглаж байна.
- БҮХНИЙГ ТЭГЭЭС ЭХЭЛСЭН НЬ:
Энэ бол бодит түүх. Би 16-н насандаа "Камерун"-аас энд ирж байх үедээ, ямар ч Англи хэлний мэдлэггүй, Америк нэг ч хүнийг таньдаггүй, эндхийн соёл урлагийг нь ч үнэхээр ойлгодоггүй хүн байлаа. Хүмүүс миний талаарх түүхүүдийг мэддэг гэдгийг би мэднэ ээ. Гэвч тэд үнэндээ миний түүхийг үнэхээр ямар гээчийн солиотой зүйл болохыг нь ойлгодог гэж би бодохгүй байна. Учир нь намайг дөнгөж сагсан бөмбөг тоглож эхэлж байхад, шууд хэлвэд "Флорида"-гийн ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багт очиж тоглох санал надад ирчихээд байсан юм. Би тэр үед тохож чадах байсан ч, залж чаддаггүй байв. Гурван сарын дараа, би эхний өдрөө бэлтгэлдээ яваад очлоо. Хэтэрхий муугаас минь болоод дасгалжуулагч ч намайг бэлтгэлийн заалнаас хөөсөн. Тэр үед юу хийж байгаагаа ч би мэдээгүй. Би маш туранхай бас их ч туяхан, биеийн хүч муутай байсан. Гэхдээ хамгийн муухай нь багийн маань хамтрагчид бүгдээрээ над руу онцолж заагаад, шоолж байсан явдал. Галзуурмаар санагдаж байлаа.
Тэгээд би дотуур байрандаа буцаж очоод шууд л уйлсан. "Энд би юугаа хийгээд байгаа юм бэ? Би тоглож чадахгүй. Би гэр лүүгээ харьлаа" гэж ч бодсон. Дараа нь би өрөөндөө суугаад Lil Wayne, эсвэл хэн нэгний дууг сонсоод байж байтал, гэнэт эдгээр намайг шоолж байсан хүмүүсийг өөрийнхөө эсрэг тал болгож болох санаа надад төрсөн юм. Би үүнээс үнэхээр, үнэхээр их урам зориг олж авсан юм шүү. Хүмүүс намайг ямар нэгэн үүнийг хийж чадахгүй гэж хэлүүлэх би дуртай болсон. Ингэснээр би тэдний буруу болохыг батлах хүсэлтэй болно шүү дээ. Ингээд би өөртөө "Бүх юм зүгээрээ. Коби шиг болтлоо сайн хичээж, бэлтгэл сургуулилтаа хийх хэрэгтэй юм байна." гэж хэлсэн дээ. Үүнээс хойш би улам сайжирсаар л байлаа. Ялангуяа будагтай талбайн эргэн тойронд улам сайн тоглодог болсон байсан. Гэвч би шидэж чадахгүй л байлаа. Ингээд би багийнхаа хамтрагчдын нэг "Майкл Фрейзер II"-тэй хамт бэлтгэл хийж эхэлсэн юм. Түүнийг санаж байна уу? Энэ золиг шидэгч байв. Яг л алуурчин шиг. Тэр Флоридагийн өмсгөлтэй нэг тоглолтод бүр 11-н удаа 3-н онооны шидэлтийг амжилттай болгож байсан юм шүү. Бэлтгэлийн дараа би холын зайн шидэлтийн сургуулилт түүнтэй хамт хийдэг болсон. Би өдөр болгон хожигддог байсан боловч хэзээ ч бэлтгэлээ зогсоогоогүй ээ.
 
- ХИЧЭЭЛ НОМЫН МӨР ХӨӨСӨН БАГА НАС:
Хүмүүс намайг хэтрүүлж ярьж байна гэж бодно гэдгийг би мэдэж байна. Гэвч энэ ч бас үнэн түүх. Редикийг энэ үед би хэн болохыг нь мэддэггүй байлаа. Би "NBA"-ын талаар бараг юу ч мэддэггүй байсан, учир нь би "Камерун"-д хэзээ ч тоглолт үзэж байгаагүй юм. Бас би манайх ядуу, зурагтгүй байсан гэж хэлэх гээгүй юм шүү. Бидэнд зурагт байсан. Бид энгийн л нэг амьдралтай айл байлаа. Миний "NBA" үзэж чадаагүй шалтгаануудын маань нэг бол манай ээж маань хичээл ном сургуулийн тал дээр маш хатуу нэгэн байсантай холбоотой. Би хэзээ ч гэртээ үлдэж тоглолт үзэж байгаагүй ээ. Өдөр бүр л адилхан: Сэрнэ, иднэ, сургуульдаа явна, гэр лүүгээ гүйж ирээд дуг хийнэ, сэрнэ, өдрийн хоолоо иднэ, шөнө дунд болтол хичээлээ хийнэ. Америкийн сургууль их амархан, харин Камерунд бол маш хэцүү. Жирийн дунд сургууль нь яг л коллеж шиг. Надад ямар ч найз нөхөд байгаагүй, би үргэлж унтаж бас хичээлээ хийдэг байлаа. 2002 онд ДАШТ-д манай шигшээгийн Алтан үе байсанг санаж байна. Би найман настай байсан болохоор ээж, ааваасаа хөлбөмбөг тоглохыг гуйсан. Тэдэнд бөмбөг байгаагүй. Ингээд л би том болох тусам бага багаар тэднийг эсэргүүцэж эхэлсэн ба тоглох гэж гэрээсээ гардаг болов.
Хичээл тарсанаас хойш яг нэг цагийн хугацаанд ээж маань гэртээ ирдэггүй байсан. Манай байшингийн дэргэд хөлбөмбөгийн талбай байсан учраас би энэ бүх төлөвлөгөөг зохиосон юм. Хичээл тарсаны дараа гэр лүүгээ гүйж очоод, гал тогооны өрөөний ширээн дээр шинжлэх ухааны номоо нээгээд тавьчихдаг. Хаа сайгүй цаас, үсэг хаядаг байлаа. Ингээд л буцаад талбай гүйнэ. Ээжийн машин гудамжаар нааш ирэх дуу надад сайн сонсогдоно. Хэрэв би талбайн нөгөө талд, эсвэл хэт хол зогсож байвал тоглолтод хаалгач хийж байсан хэн байсан хамаагүй. "Жөэл! Жөэл!!!! Чиний ээж ирж байна шүү, гүйгээрэй андаа." гэж хэлнэ. Би гэрийнхээ ард гутлаа тайлж нуугаад, ширээнийхээ ард сууна. Шинжлэх ухааны талаар их зүйл бодож байгаа юм шиг хөлөрсөн байдалтай сууж байна. Ээж маань машинаа гражиндаа тавиад, дотор орж ирээд намайг хичээлээ хийж байгаа эсэхийг шалгах хүртэл надад 25-н секунд байдаг байсан. Би орж ирэхэд нь аль хэдийн суучихсан байж байх ба аяга ундаа эсвэл өөр ямар нэгэн юм уух уу? гэж асууна, эсвэл "Сайн уу? Ээжээ. Би байна аа, таны сайн хүү." гэж мэндэлдэг байлаа..
 
Эх сурвалж: Basketpedia page By М. Мөнхболд

Таны сурталчилгаа