Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй 2,5 км Хүүхдийн төмөр замын ажил өнгөрсөн 5 дугаар сараас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 

 Хүүхдийн төмөр зам нь нэг өртөө, 3 зогсоол, 4 гарамтай байх бөгөөд Өртөөний байр нь Монгол гэрийг илэрхийлсэн хэлбэр загвартай. 

Харин зүтгүүр 2 вагоны хувьд одоо ашиглагдаж буй галт тэргээс бага хэмжээтэй байхаар төлөвлөжээ.  Тус бүр 34 хүний суудалтай бөгөөд энд хөгжлийн бэрхшээлтэй иргэний суудал ч мөн багтжээ.  

Хүүхдийн төмөр зам төслийн удирдагч Ч.Мөнхбатаас ажлын үйл явцын талаар тодруулахад:  “Одоогоор 80 орчим төмөр замчин ням гарагаас бусад өдрүүдэд 24 цагаар ажиллаж байна. Бүтээн байгуулалтыг Дархан-Уул аймгийн 60 жилийн ойг тохиолдуулан долдугаар сарын сүүлчээр хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн. Замын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна” гэв.

Энэхүү хүүхдийн төмөр зам баригдсанаар хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж ирээдүйн төмөр замчдыг бэлтгэх гол бааз суурь болох давуу талтай. 

Манай аймагт өнгөрсөн жил Дархан сумын ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийг түшиглэн төмөр замын хоёр лицей анги байгуулагдсан. 

Ингэснээр энд суралцаж буй сурагчид энэхүү хүүхдийн төмөр замыг ашиглан дадлага сургуулилалтаа хийх боломжтой болж байна. 

 Сэтгүүлч: Л.Хонгорзул

Таны сурталчилгаа