Цаг үеийн мэдээ

Өнөөдөр өглөөний 06 цагаас “Токио-2020” паралимпын XVI наадмын триатлоны тэмцээн Шиноказе парк /Shinokaze Park/-т эхэлсэн бөгөөд триатлоны спортын 8 ангилалд болж байгаа юм. 

Токио хотод агаарын температур +33 хэм, хөрсөн дээр +37 хэм, чийгшил нь 80 хувьтай бүгчим халуун байна. Пара триатлоны спортын төрөл нь "Рио-2016" паралимпын наадмаас эхлэн паралимпын хөтөлбөрт орсон юм байна.

Монгол Улсаас Паралимпын наадамд анх удаа шүүгчээр ажиллаж байгаа Б.Цагаанбаатартай тэмцээний завсарлагаар уулзлаа. Тэрбээр Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн триатлоны холбооны Шүүгчдийн хорооны дарга бөгөөд “Токио 2020” паралимпын наадмын триатлоны тэмцээнийг шүүх эрх авсан Монголын анхны шүүгч болсон гэдгээрээ онцлогтой юм. 

Б.Цагаанбаатар: "Триатлоны спорт харьцангуй шинэ спортын төрөл боловч дэлхийн өнцөг булан бүрт жигд хурдтай хөгжиж, Олимпын их наадмын хөтөлбөрт байнга багтаж байгаа бол 2016 оноос эхлэн Паралимпын наадмын хөтөлбөрт орсон. Түүнчлэн Токио-2020 олимпоос триатлоны холимог багийн буухиа зайг наадмын хөтөлбөрт шинээр оруулсан юм. Триатлоны спортыг бие даасан байдлаар хөгжүүлэх эхлэлийг 1974 оны үест АНУ-ын Сан-Диего хотод тавьсан гэдэг.

Харин Дэлхийн триатлоны холбоо /World Triathlon/ 1989 оны 5 дугаар сард байгуулагдсан бөгөөд тэр жилдээ Францын Авиньон хотноо анхны ДАШТ-ээ зохион байгуулсан аж. ДТХ нь одоогоор 172 гишүүн орныг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Монгол Улс тус холбооны 108 дахь гишүүн нь юм. 1994 онд Парист хуралдсан Олон улсын олимпын хорооны чуулганаас триатлоныг Олимпын их наадмын хөтөлбөрт багтаах шийдвэр гаргаж, 2000 оны Сидней, 2004 оны Афин, 2008 оны Бээжин, 2012 оны Лондон, 2016 оны Рио, 2020 оны Токиогийн олимпод триатлончид оролцоод байгаа" гэлээ. 

Триатлон нь усанд сэлэлт, дугуй, гүйлт гэсэн 3 төрлийн нийлбэр гэж болно. Дотроо янз бүрийн зайтай: Олимп, дэлхий, тивийн хэмжээний тэмцээнүүд нь стандарт зайд (1500 метр сэлж, 40 км дугуйгаар уралдаж, 10 км гүйнэ) явагддаг. Мөн спринт (750 м сэлж, 20 км дугуйгаар, 5 км гүйх), холын (4 км сэлж, 120 км дугуйгаар, 30 км гүйх), ironman буюу хэт холын (4 км сэлж, 189 км дугуйгаар, марафоны зайд гүйх) зэрэг олон зайд өрсөлддөг юм байна.

Энэ удаагийн паралимпын триатлоны шүүгчээр ажиллаж байгаа Б.Цагаанбаатар Монголын триатлоны холбоог анх санаачлагч бөгөөд “Токио-2020” паралимпын XVI наадмын төдийгүй паралимпын наадамд шүүгчээр ажиллаж байгаа анхны монгол хүн болж байна. Тэр олон улсын 2 дугаар зэргийн шүүгчийн эрхтэй /ITU level 2 Technical official/. Б.Цагаанбаатар 2009-2021 онуудад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2010, 2014, 2018 оны Азийн наадам, 2013 оны ДАШТ-ий шүүгчээр ажиллаж байсан туршлагатай шүүгч юм.

Таны сурталчилгаа