Казахстан улс дэлхийн болон Европын зах зээл дээрх нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд нүүрс устөрөгчийн нөөцөө ашиглахад бэлэн байна. Энэ тухай Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишельтэй утсаар ярихдаа мэдэгджээ. Токаевын үгийг түүний хэвлэлийн алба иш татсан байна.
“Ерөнхийлөгч Европын холбоог тив дамнасан өөр коридор, тэр дундаа Транс-Каспийн олон улсын тээврийн замыг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг уриалсан. Касым-Жомарт Токаев мөн дэлхийн эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Түүний хэлснээр Казахстан улс дэлхийн болон Европын зах зээл дээрх нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд нүүрс устөрөгчийн нөөцөө ашиглахад бэлэн байна” гэж мэдэгдэлд дурджээ.
Мөн Токаев Казахстан улс нь Европын холбоотой өргөтгөсөн түншлэл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан Төв Азийн анхны улс гэдгийг сануулжээ. Уг гэрээ нь Казахстан, ЕХ-ны харилцааг "шинэ түвшинд" хүргэсэн хэмээжээ.
"Манай улс Казахстаны хамгийн том худалдааны түнш болох ЕХ-той тогтвортой харилцааг хөгжүүлэхийн төлөө байна" гэж мэдэгдэлд дурджээ.
Үүнээс өмнө Казахстаны парламент танхимуудын хамтарсан хуралдааны үеэр тус улсын энхийг сахиулах багийг НҮБ-ын ажиллагаанд оролцохоор илгээхийг дэмжсэн байна. Уг саналыг Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дэвшүүлсэн юм байна.
Эх сурвалж: Газета.ру