Дэлхийн тэргүүлэх банк, хэвлэл мэдээллийн агентлаг болон агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна.
Доголдол гарсны улмаас АНУ, Их Британи, Австрали, Сингапур, Хонг-Конг, Энэтхэг, Испанийн агаарын тээврийн компаниуд сүлжээгүй болж, нислэгээ зогсоож томоохон банкуудын сүлжээ доголдож, хэдэн тэрбум ам.доллар алдаж болзошгүй аюултай нөхцөл байдал үүсчээ
Австралийн Дотоод хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, техникийн саатал доголдол нь дэлхийн кибер аюулгүй байдлын “Crowdstrike” фирмд үүссэн асуудалтай холбоотой байж болзошгүй гээд, тус улсын кибер аюулгүй байдлын хяналтын байгууллагаас үүнийг халдлага гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй гэж мэдэгдсэнийг уламжилжээ. “Бидэнд ирүүлсэн мэдээллээс үзэхэд, энэ саатал бол түүнд өртсөн компаниудын ашигладаг гуравдагч талын программ хангамжийн платформоос шалтгаалсан техникийн асуудал” гэж уг мэдэгдэлд дурджээ.
Аляскийн албаны хүмүүсийн ярьснаар, 911 болон яаралтай тусламжийн төвүүдийн ажиллагаа доголдсон байна.
Үүний зэрэгцээ Сиднейн нисэх онгоцны буудлын нислэгийн хуваарийн самбар дахь мэдээлэл алга болжээ. Агаарын тээврийн “Jetstar” компанийн мэдээлснээр, “Майкрософттой холбоотой асуудлын” улмаас зорчигчдыг шалган нэвтрүүлэх боломжгүй болсон байна.
Түүнчлэн “Virgin Australia” компанийн нислэгүүд “бүрэн зогсжээ”. Мөн Австралийн “Woolworths” гэх мэт дэлгүүрүүдэд төлбөр тооцооны системд саатал үүссэний улмаас урт дараалал үүсэж, Австралийн Үндэсний банк зэрэг санхүүгийн байгууллагуудад хандахад бэрхшээлтэй байгаа талаар нийгмийн сүлжээний хэрэглэгчид ярьж байна. Мөн уг саатал агаарын тээвэр, такси, төмөр замын компаниудад нөлөөлснөөр дэлхий даяар аялж зорчиход хүндрэл үүсгэжээ.
АНУ-ын агаарын тээврийн “United”, “Delta”, “American Airlines” компаниуд бүх нислэгээ зогсоож байгаагаа зарласан бол Австралийн “Virgin” болон “Jetstar” агаарын тээврийн компаниуд нислэгээ хойшлуулсан эсвэл цуцалсан байна. Берлин, Токио, Дели зэрэг томоохон хотуудын нисэх онгоцны буудлууд мөн адил гэнэтийн сааталд өртжээ.
Их Британийн “Govia Thameslink Railway” компанийн зүгээс зорчигчдод хандан галт тэрэг саатаж болзошгүй гэдгийг анхааруулсан бол Австралийн такси үйлчилгээ эрхлэгч “Black and White Cabs” компани системд нь саатал үүссэн тухай мэдэгдлээ.