Нийслэл Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам тоноглолд 2024 оны зун хийх засварын ажлын графикийн хүрээнд 2024.07.29-08.12 хүртэл хугацаанд засвар хийгдсэн. Засварын ажил дуусаж халуун усны хангамж хэвийн болох ёстой байсан хэдий ч Улаанбаатар хотын зарим байршилд халуун ус ирэх ёстой хугацаанаас хожимдож байгаа талаар цахим орчинд иргэд нийтэлжээ. Энэ талаар УБДС-ийн Шуурхай удирдлагын газрын дарга Н.Ууганбаяраас тодрууллаа.
- Одоогийн байдлаар нийслэлийн аль аль байршлуудад халуун усны хязгаарлалт хийсэн байгаа вэ?
- Одоогоор бол Баянгол дүүрэг, 10-р хорооллын замын урд талд Нийслэлийн хөрөнгө оруулалттайгаар шугам хоолой шинэчлэлтийн ажил явагдаж байгаа учраас халуун ус хязгаарласан байна. Энэ хавийн орон сууц болон байгууллагуудын халуун усны хангамжийг 9-р сарын 15-наас буюу дулаан халаалт ирэх үетэй зэрэг халуун усны хангамжийг өгнө.
- Тэгэхээр нийслэл хотын бусад байршлуудад халуун усны хангамж хэвийн байгаа гэж ойлголоо зөв үү?
- Тийм ээ. Бидний хувьд энэ жилийн шугам тоноглолд хийх засварын ажил 8-р сарын 12-ны өдөр дуусаж бүх байршлын халуун усны хангамж хэвийн болсон. Хэрэв халуун ус нь хязгаарлалттай байгаа бол зарим байгууллагуудад шугамын гэмтэл, асуудал гарсан байх. Бидний хувьд бол засварын ажил дууссан.