Цаг үеийн мэдээ

Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд Монгол-Оросын оюутан, залуучуудын хамтарсан "Дайчин нөхөрлөлийн замаар" тойрон аяллын хаалтад зориулсан ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид болж өндөрлөлөө. 

Монгол Улс, ОХУ-ын төр засаг, батлан хамгаалах салбараас тус түүхэн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, олон арга хэмжээг хамтран хэрэгжүүлж байгаагийн нэг нь тус арга хэмжээ бөгөөд хамтарсан тойрон аяллыг энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулав. 

Энэхүү аялал нь оюутан, залуучуудад нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулах, хоёр орны түүх, соёлтой харилцан танилцах, 85 жилийн тэртээх Халхын голын байлдаан болсон газар нутгаар аялах, дайны ялалтад Монгол-Зөвлөлтийн дайчдын оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр, түүхэн ач холбогдлыг танин мэдэх, ахмад үеийнхээ баатарлаг үйл хэргээр бахархах чухал ач холбогдолтой юм.

ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дашзэвэг тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ "Та бүхэн уг аяллын явцад хоёр орны түүх, соёлтой харилцан танилцаж, 85 жилийн тэртээх Халхын голын байлдаан өрнөсөн газар нутгаар аялж, дайны ялалтад Монгол-Зөвлөлтийн дайчдын оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр, ахмад үеийнхээ баатарлаг үйл хэргээр бахархан дайчин нөхөрлөлийн алдар гавьяа, түүхэн ач холбогдлыг танин мэдсэн биз ээ. Оюутан, залуучууд та бүхний оролцож, Монгол-Зөвлөлтийн эрэлхэг дайчдын баатарлаг түүхийг тамгалсан энэхүү тойрон аялал нь Сэлэнгэ аймгаас эхлэн Монгол орны зүүн аймгуудаар үргэлжилсэн ба Эрхүү хотын “Мөнхийн гал”-аас эх авсан галт бамбарыг Нийслэл хотноо Зайсан толгой дахь Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборт өртөөлөн асааж, аймаг, орон нутагт олон зуун мод тарьж, дайчин нөхдийн хөшөө, дурсгалд хүндэтгэл үзүүлсний зэрэгцээ ахмад дайчидтай уулзаж алдар гавьяаг нь бахархан хуучилсан, хоёр орны залуучууд эв найрамдал, нөхөрсөг халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн аялал болсон гэдэгт итгэл төгс байна" хэмээв.

Таны сурталчилгаа