Цаг үеийн мэдээ

Орхон аймаг 1600-1800 орчим зорчигчийг хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай,  хот хооронд болон бусад аймаг, сумд руу зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх зориулалтын автобуудалтай болж өнөөдөр нээлтээ хийлээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Авто Тээврийн Үндэсний Төвийн захирал Б.Гүрсоронзон, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга М.Түмэнжаргал нар оролцлоо. Мөн авто тээврийн төвийн ахмад ажилчид, онц тээвэрчид уригдан иржээ.

Улсын төсвийн 4,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан авто буудлын хувьд гаднаа 300 орчим тээврийн хэрэгсэл зогсох багтаамжтай 7000 метр квадрат талбай бүхий авто зогсоолтой. Өнөөдрийн байдлаар нийт 9 чиглэлд 100 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна.   

Монгол Улсад мөрдөгдөж буй авто буудлын стандартын дагуу 4-р зэрэглэлийн буюу хамгийн өндөр стандартын авто буудал гэдгийг албаныхан хэлж байлаа. 

Цаашид авто машины зогсоолыг нэмэгдүүлэхийн тулд авто вокзалын баруун, зүүн талуудад төлөвлөлт хийж дахин 350 гаруй авто машины зогсоол хийх зураг төсвийг гүйцэтгэж байгаа талаар аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал хэллээ.

Таны сурталчилгаа