Цаг үеийн мэдээ

Төсвийн тогтвортой байдлын хууль барилга байшингаар бол шал ч үгүй, тааз ч үгүй балгас, барак маягтай болсон байна. Засгийн газрын жилийн төсвийн зарлага нь  орлогоосоо 2 хувиас илүү  давж хэтрэх ёсгүй хэмжээ хязгаар нь  бол шал. Засгийн газрын өр зээл нь ДНБ буюу монголчуудын бүтэн жилдээ худалдсан, үйлчилсэн, үйлдвэрлэсэн бүхний 60 хувиас хэрхэвч давах ёсгүйг хуульчлан хязгаарласан тааз нь юм. 

Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хоёрын хэн нь төсвийн алдагдлын шал хуулсан, өрийн тааз нураасан бэ гэдэг зөрчил маргаан эрчээ авч байна. Сонгуулийн сиймхийгээр буюу 6-р сарын 5-нд шалыг нь хуулж, таазыг нь нураасныг сая нэг олж мэдээд, засаж залруулах санал оруулж ирлээ гэж Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар Засгийн газраас санал авахаар УИХ-аас ирүүлсэн 3 хуудас бичигт нь тааз, шал хуулах тухай өгүүлбэр бүү хэл, үг, үг бүү хэл үсэг,  таслал, цэг ч байгаагүй гэлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2, 6.1.4 дэх буюу алдагдал, өрийг хязгаарлаж хумьсан заалтыг 2025 он хүртэл хөлдөөж царцаагаад, шалыг нь  хуулж, таазыг нь нураасан гол хүнээр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэрлэгдэв. 

Харин Г.Тэмүүлэн тааз, шалыг нь ч харин бэхэлж бөхөлж, дээд, доод хязгаарыг нь чангатгаж чамбайруулаад, хаалга цонхыг нь цоожилж түгжсэн гэж мэдэгдлээ. Засгийн газар улс орныг өрөнд оруулж, өтөнд бариулж, бүр таазгүй, шалгүй болгох гэж байна гэж хариу шүгэл үлээж, бослого гаргах шахам байж, УИХ өдрөөр биш шөнөөр хэлэлцсэн Төсвийн тогтвортой байдлын хуулийн төслийг унагалаа. Өөрөөр хэлбэл, үнэт цаас, бонд гэдэг өрийн бичигний үндсэн болон хүүгийн төлбөрийг төсвийн зардалдаа оруулж тооцохгүй байх төслийг Засгийн газарт нь буцаалаа. Улс орон хоёр төсөвтэй болж, өр зээлээ өөр газарт бичлээ гэлээ эргүүлж төлдгөөрөө төлнө. Төсвийн зардал талдаа жил бүр зээлийн хүүнд зориулж 400 сая доллар буюу 1,5 их наяд төгрөгийг өөр газар бичлээ гээд төлдгөөрөө төлнө. Засгийн газрын өр өнөөдөр 30 их наяд төгрөг байгаа бол 62 их наяд болж хоёр дахин зузаарна гэсэн үг юм. 

Хүн, айл, компани, улс аль нь ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүй бол хэмжээ хязгааргүй өр тавибал өтөнд бариулна гэж үндэслэлээ тайлбарлаж байна.  Гоё нэртэй бондуудын өрнөөс гарах гэж хэдхэн жилийн өмнө улс орноороо бүсээ чангалж явснаа мартаад төсвийн зардал нь ойрын 3 жилд  11,6 их наяд төгрөгөөр тэлж халж, төгрөг суларч, цалин цаас болж, валютын нөөц шавхагдан, эдийн засаг, иргэн бүр хохирно гэж мэдэгдлээ. Приус авах боломжтой хүн Ланд 300 авч, өрөө өөрөөсөө нуусан ч, нуугаагүй ч, өөр өөр дэвтэр дээр янз бүрээрээ үсэг, тоо тавьсан ч бай төлдгөөрөө төлнө. 

Засгийн газар 2024 оны төсвийн тодотголыг дагуулж, Төсвийн тогтвортой байдлын тухай болон тендерийн хуулийг өөрчлөх төсөл оруулж ирээд байсан юм. Гуя дагаж хүзүү биш хүзүүний ард хоёр гуя байсан байна.

МАН дангаараа засгийн эрх барих, АН, ХҮН хараат бусаар хүчтэй хяналт тавих ард түмний сонголт сонин биш болсон. Их өтгөн МАНАН арилав уу гэтэл элсэн МАНХАН босов. Манангийн ард байна уу, манхны цаана байна уу, маш их юм болдог. Сонгуулийн өмнө Монгол Улсын иргэн бүр 33 сая төгрөгийн өртэй байна гэж улиглаж АН сонгуулийн дараа 66 саяын өртэй болгож 2 дахин өсгөхөөс сийхгүй байна. Өмнө нь өрийн дарамтнаас гарсан шиг гаръя гэж байсан бол өнөөдөр өрийн дарамтандаа орсон шиг оръё гэж байна.  

Г.Тэмүүлэн төсвийн шал, таазыг түр хуулж хаясан Б.Жавхлан нь түүнийг бүр хуулж хаяхыг оролдсон ч юм шиг, лоомтой, лантуутай улс төрийн зөрчил маргаан өрнөж байна.

 

Таны сурталчилгаа