Төрийн ордонд улс төрчид хуулийн хулгайд биесээ чичилж байгаа бол түмэн олон нийтийн сүлжээнд оюуны хулгайн талаар үзэлцэж байна. Зохиогчид нь нас барсан, үр удамд нь өвлөгдөх учиртай, бүтээгдсэнээсээ хойш 50 жил болоогүй бол хэн ч дураараа халдах эрхгүй оюуны өмч “Хулан хонгор”-ыг дуулах эрхийг Д.Бурмаа, Э.Мөнгөнчимэг нар булаалдсан бол араас нь “Хүмүүний нэгэн урсгал” дууны хулгайн асуудал бослоо.
“Хулан Хонгор, “Хувьсал” продакшны “Хувь заяа” кино гээд ХУ-гаар эхэлсэн оюуны өмчийн хулгайн асуудал ар араасаа, шил шилээ даран сөхөгдөж байна.
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн өөрөө захиалж бүтээлгэн, амилуулж дуулсан “Хүмүүний нэгэн урсгал” дуугаа алдсандаа сэтгэлдээ гунигтай, нүдэндээ нулимстай байна. “Хувьсал” продакшн дууны зохиогчид нь зөвшөөрсөн, нээлт дээр нь ирсэн гэсэн ч гурван хүний нэр дээр бүртгэгдсэн оюуны өмч. Ардын жүжигчин Г.Чимэдцэеэ гурван өмчлөгчийнх нь нэг. Өөрөөр хэлбэл, гурван өмчлөгчийнх нь нэгийнх нь зөвшөөрөлгүйгээр дууг үгтэй, аятай тэр чигээр нь өөр хүнээр дуулуулж ашигласан байна. “Хувьсал” продакшны Г.Цогтгэрэл аяыг нь кинондоо ашиглана гэж ганц утасдаад таг болсон ч бүхлээр нь ашиглаж, залуу дуучин Х.Мөнгөнцэцэгээр дуулуулсан байна. Залуу дуучин Х.Мөнгөнцэцэг өнөөдөр уран бүтээлийн хулгайн зэлгийн нүүр царай болж, нүдүүлж чичлүүлж байна.
Ш.Чимэдцэеэ өөрөө нэрийг нь өгч, үеэлдээ хэлж үгийг нь зохиож, улс орныг тойрсон тоглолтоо нэрлэж, бүтэн жил ноцолдож байж бичүүлж байсан, оюуны өмчийн гэрчилгээтэй дуу. Өөрөөр хэлбэл хүний орон байр, машин тэрэг, мөнгө төгрөг шиг оюуны өмч. Авьяас билэг, ур чадвар, мэдлэг мэргэжлээрээ тархи оюун, зүрх сэтгэлдээ бүтээсэн болохоос адилхан үнэтэй цэнтэй өмч хөрөнгө.
“Хувьсал” продакшн өмнө нь яруу найрагч Хулганай агсны Тэргэл, Ялгуун, Эрхэс, Энхжин хэмээх 4 хүүхдийнхээ нэрийг оруулж бичсэн шүлгийг нь, бүр эцгээс хайрласан нэртэй нь орон байрны тонуул шиг бүгдийг нь хамт хулгайлж, архичин, хулгайч, янхан, луйварчны дүрд хувиргаж байсан юм. Алс хол Америкт суугаа яруу найрагч Х.Тэргэл шүүхдэж, оюуны өмчийн хулгай гэдгийг нь нотлуулж байсан удаатай. Х.Тэргэлийн дүү Ялгуунтай нэг ангид сурч байснаа жүжигчин Б.Уранчимэг ашиглан, аавынх нь дөрвөн мөртийг туух мөрөөрөө туухгүй, нэг айлын эгч дүү дөрвийн нэрийг хулгайч луйварчин, завхай зайдан, янхан биеэ үнэлэгч болгосон.
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ ээждээ зориулж өөрөө зохиосон “Тэнгэр ээж минь өршөө” дууг Х-ТҮЦ продакшн Хятадын зохиолоос сэдэвлэсэн “Солиот эх” кинонд өөрийнх нь дуулснаар оруулсан оюуны хулгай гэхээсээ дээрэм хийж байсан.
Х-ТҮЦ продакшн зохиолч Ц.Доржготовын “Цагийн өнгө” туужийг хулгайлж, гол дүр Базарваанийн нэрээр тоглолтоо нэрлэсэн. Жүжигчин Аглуу мөн Ц.Доржготов гуайн “Дэлхий даахгүй баян” өгүүллэгийг хулгайлж, яг тэр нэрээр нь тоглолт хийсэн гомдол маргаан дэгдэж байсан юм.
Тархиндаа бүтээж, оюундаа олборлож чадахгүй бол өрөөл бусдын оюуны өмчийг олны өмнө хулгайлахын оронд зөвшөөрөл аваад, үнэлж төлөөд ашиглах нь наанадаж нэр төр, цаанадаж хууль ёс билээ.
2024-08-30
Huuliig n changatgaj zohih yosnii hariutslagiig n uuruuldeg bolmoor yum durtai hulgailaal suudag bollooshd