Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт ирэх есдүгээр сард зохион байгуулагдана. Энэ хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын анги, салбарын ахлагч бүрэлдэхүүний дунд “Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” уралдааныг зохион байгуулсан. Энэхүү уралдаанд нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Г.Өсөхбаяр ахлагчтай багийн “Автомашин зөөвөрлөгч” бүтээл тэргүүллээ. “Автомашин зөөвөрлөгч”-ийг зохион бүтээсэн алба хаагчдыг дарга, хурандаа А.Дашням болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзаж, баяр хүргэж, амжилт хүслээ.
Тус бүтээл нь гал түймрийн дуудлагаар түргэн шуурхай хүрэлцэн очих үед зам гарц хааж тавьсан машинуудыг минут 30 секундийн хугацаанд холдуулж, зам гарцыг чөлөөлөх боломжтой юм. Машин зөөвөрлөгчийн дугуй нэг бүр нь 160-200 кг буюу нийт 3 тонны даацын чадалтай юм.
Нийслэлийн хэмжээнд тохиолдож буй гал түймрийн дуудлага мэдээллийн нэлээдгүй хувийг орон сууцны хороололд гарч буй гал түймрийн дуудлага мэдээлэл эзэлдэг. Сүүлийн жилүүдэд гал түймрийн дуудлага мэдээллээр шуурхай үүрэг гүйцэтгэхэд иргэд зам гарч таглаж автомашинаа орхисон, шуурхай албаны автомашинууд зорчих боломжгүй тохиолдлууд гарч байсан.
Энэхүү төхөөрөмжийг ашигласнаар зам гарцыг чөлөөлж, шуурхай үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой юм.