Цаг үеийн мэдээ

Боловсролын сайд П.Наранбаяр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Ардын багш Ц.Өнөрбаян, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш Б.Баяртуул нарыг хүлээн авч уулзан, гадаад иргэний монгол хэлний түвшинг тогтоох шалгалтыг илүү өргөжүүлэн, албажуулах талаар ярилцав.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс “TOMFL”, МУБИС-иас “ToPMON” гэсэн хоёр төрлийн шалгалтыг гадаад иргэний монгол хэлний түвшинг тогтоох хүрээнд зохион байгуулдаг. Уг хоёр шалгалтыг өгснөөр гадаад иргэд Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцах, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг. Түүнчлэн төрийн албан хаагчид, хилийн чанадад оршин суудаг, өв хэл, соёлоо сурч, судлахыг хүсэж буй монгол иргэд ч мөн түвшин, мэдлэгээ тогтоолгож болно.

Хоёр шалгалтыг хоёуланг нь албажуулж, цаашид энэхүү түвшин тогтоох шалгалтуудын цар хүрээг илүү тэлэхийг хүсэж буйгаа багш нар уулзалтын үеэр илэрхийлэв.

Боловсролын сайд монгол хэлийг түгээн дэлгэрүүлэхэд энэхүү түвшин тогтоох шалгалт чухал ач холбогдолтой тул хоёр шалгалтыг албажуулж, цаг хүрээг нь тэлэхэд дэмжлэг үзүүлэн, холбогдох арга хэмжээг авахаар болов. Мөн хэлний түвшинг дээд боловсрол эзэмшихэд тохирох байдлаар тогтоон журамлаж, цаашлаад энэ төрлийн олон улсын жишигт нийцсэн шалгалтыг хувийн аж ахуйн нэгж зохион байгуулах боломжийг нээх, гадаад улс дахь Элчин сайдын яамд энэ шалгалтыг зохион байгуулдаг болох, шалгалт өгснөөр олон боломж нээгддэг болох зэргээр цар хүрээг нь тэлж, монгол хэлийг түгээн дэлгэрүүлэх боломжтойг онцоллоо.

Таны сурталчилгаа