Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, тэдэнд тулгамдаж байгаа асуудал, түүний шийдэл, цаашдын төлөвлөгөө, чанартай тусламж үйлчилгээг иргэдэд хэрхэн хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх талаар нээлттэй санал солилцлоо. Уулзалтаар цаашид хийх арга хэмжээ, үйл ажиллагааг чанартай, нарийн төлөвлөлттэй, санхүүжилтийн нөхцөл байдалтай уялдуулан үр ашиггүй зардлаа танаж, шаардлагагүй хөрөнгө оруулалтын асуудлыг багасгахад чиглэж ажиллах шаардлагатай байгааг онцлов.  

Аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхдээ аймаг бүрд томилгоот мэргэжлийн баг гаргаж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлсны дараагаар өөрийн биеэр газар дээр нь ажиллаж тодорхой шийдвэрүүдийг шуурхай гаргаж ажиллахаар төлөвлөж буйгаа танилцуулав. Мөн эрүүл мэндийн даатгалын нөхцөл байдал хэцүү байгаа ч цаашид орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилтийн хязгаарлалт хийхгүй, хүний нөөцийн чадавх, хүртээмжийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч, оновчтой зөв бодлого гаргаж ажиллахаа илэрхийлэв. Ингэснээр ард иргэд иргэд тухайн бүс нутагтаа чанартай тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах бөгөөд төвлөрөл бууруулах бодлого бүрэн утгаар хэрэгжих юм. 

Түүнчлэн Сайд Т.Мөнхсайхан ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, сайжруулахад орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүний идэвх санаачилгатай чухал болохыг онцолж, зөв зүйтэй санал санаачилгыг дэмжиж  ажиллахаа илэрхийлэв.

Таны сурталчилгаа