Цаг үеийн мэдээ

Төмөр хүлэг унасан толгойгүйчүүд энх цагт эрдэнэт хүний амь нас, энхрий бяцхан үрсийн хувь тавиланг дайрч няцалсаар байна. 

Хааз, тоормосоо ялгах чадваргүй Б гэдэг эмэгтэй Приус-20-тойгоо тоглоомын талбайн төмөр торыг цөмлөн орж, гэгээн цагаан өдөр, гэрэлт нарны дор гэрийнхээ гадаа наадаж байсан дөрвийн дөрвөн хүүдийг дайрч гэмтээж, дарж зогслоо. Хан-Уул дүүргийн 4-р хороо, Шинэ-Өргөө хотхоны тоглоомын талбайд  6-9 насны 4 хүүхэд гэмтэж бэртлээ. 

Монгол бол хүүхэд залуусын орон. Монгол бол хүүхэд залуустаа, хүндээ ээлгүй орон. Машин зам дээр, гарц дээр, гудамд, хашаандаа, тоглоомын талбайдаа төмөр хүлэг унасан толгойгүй согтуу, ухаангүй галзуу хүмүүст дайруулж хохирдог орон. Жолооны эрхгүй хүн явган зам дээр хоёр охин дайрчхаад угаасаа байхгүй үнэмлэхээ хураалгаж шийтгэгдсэн болдог орон. Улаан гэрлээр ухасхийн давхидаг орон. Урсгал сөрөх, ухаангүй мушгих нь хэвийн бус хэв янз болсон орон. Чихний чийр болсон чагнаалын орон. Зөв талын дүрэмтэй ч буруу хүрдтэй машин тэрэг нь олон, баруун, зүүнээ мэдэхээ байсан балай орон. Урд суудалд хүүхдээ өвөр дээрээ аваад өөртөө бамбай хийдэг ухаангүй мунхаг аав, ээжүүдийн орон. Ачааны машин нь эсрэг урсгалд орж, зодог шуудгаа аваад гарсан залуухан аавыг зам дээр алчихдаг орон.

2023 онд 51 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан. Танхим дүүрэн хүүхэд биелээгүй мөрөөдөл, амсаагүй жаргал, дутуу орхисон зураг, тоглоом хүүхэлдэйгээ орхиод амиа алдчихдаг орон. Хүйтэн хөндий тоо бүрийн цаана эрдэнэт хүн, энхрий үрсийн амь амьдрал бий. Сүүлийн зургаан жилд 371 хүүхэд, 2000 шахам хүн, энх цагт танканд биш машинд, дайны талбарт биш зам, талбайд амиа алдсан орон.

Таны сурталчилгаа