Цагдаагийн байгууллагад ирэх дуудлага мэдээлэл их, хүрч очих автомашины тоо харьцангуй цөөн байсан асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын дарга энэ онд шийдвэрлэж, нийслэлийн 6 дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд авто эргүүлийн 21 чиглэлийг шинээр нэмснээр дуудлага, мэдээлэлд очих хурд нэмэгдэж, алба хаагчдын ажлын ачаалал буурч, дуудлага мэдээллийн шийдвэрлэлтэд ахиц гарсан байна.
Өнгөрсөн 2023 оны байдлаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэлд очих дундаж хугацаа 21 минут 40 секунд байсан бол энэ оны III улиралд 10 минут 06 секунд болж 11 минут 36 секундээр багасжээ.
Авто эргүүлийн нэг чиглэл өдөрт гэмт хэрэг, зөрчлийн 10-28 дуудлага мэдээллийг шалгаж шийдвэрлэж байсан бол энэ оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс шинээр авто эргүүлийн 21 чиглэлийг нэмснээр өдөрт 8-20 дуудлага, мэдээлэл шалгаж шийдвэрлэж байгаа нь алба хаагчдын ажлын ачааллыг 2-8 нэгжээр бууруулсан үр дүн гарсан.
Мөн дуудлага, мэдээлэл ирүүлсэн иргэдийг сэтгэл ханамжийн судалгаанд хамруулахад 85-90 хувь нь сайн, хангалттай гэсэн үнэлгээ өгсөн байна.
Уг судалгаанд цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгснөөс хойш хэдийн хугацааны дараа алба хаагчид хүрч очсон, дуудлага, мэдээллийн дагуу очсон алба хаагчдын харилцаа хандлага, мэргэжлийн ур чадвар, гэмт хэрэг, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн байдлын талаар 3 төрлийн асуумж авсан юм.
Судалгаагаар дуудлага, мэдээллийг хангалтгүй шийдвэрлэсэн гэж үнэлсэн иргэдийн санал хүсэлтийг харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст дахиж шалган, шийдвэрлэж байна.