Цаг үеийн мэдээ

Цахим орчинд "Моод" контент бүтээгч Б.Болд Сэлбийн голын гүүрийг дриллээр цоолж, нүхэлж буй бичлэг нийтлэгдсэн. Энэ нь иргэдийн дунд нэлээдгүй шүүмжлэл дагуулсан. 

Та бүхэнд талуудын байр суурийг хүргэе. 

Автозамын инженер, байцаагч: "Төмөрбетон гүүрний үндсэн хийц, бүтээцийг өөрчилж, цоолж болохгүй. Бетоны бат бэх алдагдана, арматур зэврэх эрсдэлтэй. Төмөр бетон гүүрний зураг төсөлд ус зайлуулах сувагчлал байсан эсэхийг тодруулж, ус зайлуулах суваг нэмэлтээр гаргах асуудлыг эзэмшигч, ашиглагч байгууллагатай зөвшилцөж хийх шаардлагатай" хэмээлээ. 

"Моод" контент бүтээгч Б.Болд: Мэргэжлийн хүмүүс илүү гүн харсан байна. Би хуучин байсан бөглөрсөн нүхийг л сэтэлж онгойлгосон болохоос гүүрийг нураах, эвдэх гэсэнгүй. Шинэ моод, санаа гаргах гэсэнгүй. Байнга алхдаг гүүр хэдэн арван жил устай байхаар нь энд байсан нүхнүүдийг нь онгойлгоё л гэсэн санаа. Доороос нь харвал энэ гүүр ус зайлуулах трубатай байгаа. Тэрийг засвар хийх явцдаа ч юм уу дээрээс нь бетон зуурмагаар дарсан байсныг л сэтэлж онгойлгосон. Сэлбийн гүүрийг дриллдэж байгаа тухай богино бичлэг хийчихжээ. Юм бүхнийг тайлбарлаж чадсангүй. Бас энэ гүүрийг хариуцдаг хүнийг нь олж чадаагүй. Биднийг цоолж байхад нэг хүн ирээд холбогдох байгууллагад нь хүсэлт тавиад мухардаж байсан гэж сонссон" гэв. 

Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв: "Энэ бичлэг цахим орчинд нийтлэгдсэн хэдий ч манай байгууллагад дуудлага мэдээлэл ирж шалгагдсан зүйл одоогоор байхгүй байна. Хэрэв дуудлага гомдол ирвэл бид энэ гүүр яг аль газар харьяалагддаг, анхны зураг төсөл нь ямар байсан, засвар шинэчлэл хийсэн бол тэр засвар шинэчлэл хийсэн зураг төслийг мөн шалгаж ажиллана. Хэрвээ энэ гүүрний зураг төсөл анхнаасаа ус зайлуулах хоолойтой байсан мөн түүнийг нь буруу зураг төслөөр өөрчилж бетон зуурмагаар дарсан бол тухайн хүний буруу болохгүй. Харин зураг төсөлд нь ус зайлуулах хоолой шийдэгдээгүй байсан бол зөрчлийн хуулийн дагуу шийднэ. 

Зөрчлийн тухай хууль 5.13.5.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан гэв.

Таны сурталчилгаа