Eвроазийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдах гэж байна.
“Евроазийн орон зайн өгөгдлийн дэд бүтэц” (ESDI) санаачилга нь Евроазийн гишүүн орнуудын орон зайн мэдээллийн салбар дахь хамтын ажиллагаа, мэдлэг, туршлага солилцоог дэмжих зорилготой байгуулагдсан байна.
Евроазийн орон зайн өгөгдлийн дэд бүтэц санаачлагд Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Киргиз улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс зэрэг долоон орны орон зайн мэдээлэлтэй холбоотой төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгджээ.
Евроазийн орон зайн өгөгдлийн дэд бүтэц санаачилга нь дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд 2015 оноос хойш жил бүр Евроазийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн бага хурлыг нэгдэн орсон улс орон бүрд ээлжлэн зохион байгуулж байна. Хуралд оролцогчид өөрийн улсын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хөгжлийн түвшин, газар зохион байгуулалт, геодези, зураг зүй, газрын кадастрын үйл ажиллагаа, хүрсэн амжилт, туршлагаа хуваалцдаг юм.
Евроазийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хурал нь “Евроазийн гишүүн улсуудын орон зайн өгөгдлийн тогтвортой зорилт” (“Sustainable Spatial Data Strategies for ESDI Member States”) сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
Энэ удаагийн хуралд Азербайжан, Беларусь, ОХУ, Киргиз, Узбекистан, Тажикистан, Казахстан, Гүрж, БНСУ, Турк улсын газар зохион байгуулалт, геодези, зураг зүй, орон зайн өгөгдлийн дэд бүтэц, газрын кадастрын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын төлөөлөл оролцох юм.