Цаг үеийн мэдээ

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2024.09.02) Удирдлагын академийн 2024-2025 оны хичээлийн жилийн нээлтэд оролцож, “Төрийн албаны шинэчлэл: Шинэ 30 жил” сэдвээр илтгэл тавилаа. 

Төрийн албаны тухай хуульд 2017 онд хийсэн өөрчлөлтөөр удирдах албан тушаалд шатлан дэвших, ажилласан жилийн босго хугацааг хэт өндөр тогтоосон нь нэг талаас төрийн албыг улс төрийн зүй бус нөлөөллөөс хамгаалж байгаа мэт боловч нөгөө талаас тогтолцоог хаалттай болгож, төрийн албанд өндөр ур чадвартай хүн орж ажиллах боломжийг зарим талаар хязгаарлах болсон. Жишээ нь, хувийн хэвшил, бизнес, олон улсын байгууллага, гаднын улс оронд олон жил үр дүнтэй ажиллаж, туршлага хуримтлуулсан залуус төрийн албанд ажиллахад зөвхөн мэргэжилтнээр ажиллах боломжтой байна. 

Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилт тавьсан. Тухайлбал, чадахуйн зарчимд суурилсан оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэн, төрийн албаны чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж, албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгож, төрийн захиргааны албан хаагчдын тоог зохистой хэмжээнд хүргэхээр тусгасныг Н.Учрал сайд онцлов. 

Мөн энэ онд 100 жилийн ой нь тохиож буй Удирдлагын академийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах шаардлагатай байгааг илэрхийлэв.  

Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг тус академид олон улсад магадлан итгэмжлэгдсэн хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр зорьж буйгаа танилцууллаа.

Таны сурталчилгаа