“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн болон хотын дарга Х.Нямбаатар нар мэдээлэл өглөө.
Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн мэдээлэлдээ "Эхний ээлжид УИХ-ын гишүүд, яам тамгын газрын ажилтнууд автобусны буудлуудаа тодорхойлж, авто машинаасаа бууцгаая, автобусаар зорчъё гэж өөрсдөө уриалга гаргасан. Энэ ажлыг эхлүүлж УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт өнөөдөр автобус гардуулан хүлээлгэн өгнө" гэв.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: Одоогийн байдлаар өдөртөө дунджаар 1200 автобусны гаралт гардаг. Би өглөө болгон мэдээ авдаг. Бид цаашаа 2000-ийг ч гаргаж болно. Энэ зам чинь таг түгжирчихсэн юм чинь хүмүүс автобусны буудал дээрээ хүлээдгээрээ л хүлээнэ биз дээ. Одоо 31 ширхэг багтаамж ихтэй, урт загварын автобусыг есдүгээр сарын 25-26-ны өдөр гэхэд нийслэлийн нийтийн тээвэрт явуулж эхэлнэ. Өмнө нь Э.Бат-Үүл даргын үед 10 урт автобус ирсэн. Үүний ашиглалтын хугацаа 2014 онд авсан гэхээр 10 жил хэрэглээд 2024 онд дуусаж байгаа. Шинэ 31 автобусыг М1, М2, М3 чиглэлд 10, 10-аар нь явуулна.
Эрчим хүчний асуудлаар бид 50 мвт-ын батарей станцыг олон улсын санхүүгийн корпорац буюу IFC-ийн ногоон зээлийн санхүүжилтээр хийнэ гээд гэрээ хийгээд явж байна. Үүнтэй холбоотой нээлттэй тендер зарлаад, шалгараад хэлэлцээр хийгдэж байна. Үүний дараа гүйцэтгэгч 2024 оны арваннэгдүгээр сар гэхэд төвийн эрчим хүчинд нийлүүлэх үүрэгтэй байгаа. Энэ станц оргил ачааллын цагаар 4 цагт 200 мвт цахилгаан эрчим хүчийг төвийн станцад нийлүүлнэ. Шөнийн цагаар 2 центр төвийн эрчим хүчний систем буюу диспетчерийн үндэсний төвөөс өөрийгөө цэнэглэнэ. Өөрөөр хэлбэл оргил ачааллын үед 200 мвт-аар 2 удаа ачааллыг хуваалцаад, шөнө өөрийгөө цэнэглэх горимтойгоор ажиллана. Одоогийн урьдчилсан прогнозоор ЭХЯ урд хөршөөс 70 мвт-аар импортоо нэмэгдүүлнэ гэдэг хэлэлцээр үргэлжилж байна. Гэсэн ч хэрэглээ нэмэгдэж байгаа учир дутагдалтай хэвээр байгааг би Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна.
Нийслэл энэ жил замын сангийн 77 тэрбум төгрөгөөр авто замын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Дээрх ажил өнгөрсөн зургаадугаар сард хийгдэж дууссан. Одоо хийгдэж буй авто зам засвар, шинэчлэлийн ажил нь бондын 270 тэрбум төгрөгөөр хийгдэж буй ажил. Бид замын ажлыг хамгийн ихдээ ажлын 15 хоног хийж дуусгаж байгаа. Энэ жил Улаанбаатар хотын нийт авто замын 70 орчим хувийг засварлаж, шинэчлэхээр төлөвлөж байна. Ирэх жил бид гэр хорооллын дундах авто зам болон явган хүний замыг засварлаж, шинэчлэхээр төлөвлөж байна.