Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2024.09.02/ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. 

Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан : 

"Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нийгмийн хамгааллын тогтолцооны шинэчлэлт хийхээр тусгасан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр мэдээллээ хялбар авч болохуйц салбарын нэгдсэн платформ хөгжүүлж байна.

Цаашид хөгжлийн бэрхшээлийг ганцхан эрүүл мэндийн үүднээс биш зөв оношилж, хөгжлийн бэрхшээлийнх нь онцлогт тохирсон ажлын байраар хангаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

Хэлмэрч, орчуулагчийн үйлчилгээг хүртээмжтэй байлгаж, 102,103,108 зэрэг тусгай дугаарыг дүрст дуудлага хийдэг болгох арга хэмжээ авна. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тэгш боломжоор хангах нь Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын гурван яамны хамтарсан асуудал тул  ажил хэрэгч уулзалтыг сар бүр, гурван яамны хамтарсан уулзалтыг улирал бүр хийнэ" гэв. 

Таны сурталчилгаа