Цаг үеийн мэдээ

Төрийн байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгэхээр байгуулагдсан Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон тус зочлох үйлчилгээний салбарын холбоодын төлөөллийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаа хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар тус мэргэжлийн холбооноос боловсруулсан АЖ-ыг хөгжүүлэх төлөвлөгөөг сонсож, тогтмол хугацаанд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хүргүүлэх, хөтөч тайлбарлагчдад мэргэжлийн үнэмлэх олгох, зэрэглэл тогтоох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхийг сайд Ч.Номин үүрэг болголоо.

Уулзалтаар 2024 оны 8-р сарын 31-ний байдлаар манай улс 576,283 жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар өссөн талаар мэдээлэл солилцлоо. Энэхүү өсөлт нь салбарын үйл ажиллагаа, бодлого, төлөвлөлтийн үр дүнг илэрхийлсэн үзүүлэлт юм. 2024 онд 1 сая жуулчин хүлээн авах зорилтын 57 хувийг аль хэдийн биелүүлээд байгаа бөгөөд энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд хил орчмын аялал жуулчлалыг эхлүүлж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, улирлын хамаарлыг бууруулах талаар бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. Мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэд бүтцийг сайжруулж, жуулчдын нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд сайд Ч.Номин мэргэжлийн холбоодын төлөөлөлд амжилт хүсэж, хамтран ажиллахыг уриалав.

Таны сурталчилгаа