Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Сэлэнгэ мөрний ай савд Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төслийн талаар ярилцсан байна.
Төслийг хэрэгжүүлэхэд байгаль орчны үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай учир хамтарсан ажлын хэсэг байгуулж, хоёр улсын Засгийн газар хоорондын ажлыг эрчимжүүлэхээр эцэслэн тохирч, Санамж бичиг байгуулжээ.
Ингэснээр Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамтран хамгаалж, усны нөөцийг зохистой ашиглах, урсцыг нь тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох зорилт хэрэгжиж эхэллээ гэж хэлж болно.
Хоёр улсын хамтарсан ажлын хэсэг байгаль орчны үнэлгээ хийхийн зэрэгцээ замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө харилцан тохиролцож хэрэгжүүлэх юм байна.
Дэлхийн дулаарлаас шалтгаалан давтамж нь нэмэгдэж байгаа байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээнүүдийг ч хамтран хэрэгжүүлэхээр болжээ.