Цаг үеийн мэдээ

"Сүхбаатар аймаг дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч Улаанбаатар хотод хүргэгдэн ирж, эмнэлгийн тусламж авч байна. Тодруулбал,  алба хаагчид хүнд гэмтэл авч, Цэргийн төв эмнэлэгт иржээ. Гэхдээ мэс заслыг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй" гэх мэдээлэлд Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Г.Чинзориг тодруулга өглөө.

-Өнөөдөр цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэлд тайлбар өгөөч?

-Өнөөдөр буюу 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр цахим орчинд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн хугацаат алба хаагч дэглүүлж Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэх мэдээлэл цацагдсан байна. Энэ талаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангиас тодруулахад тус аймгийн Эрүүл мэндийн төвөөс алба хаагчдад эрүүл мэндийн үзлэг хийж яваад 2024 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдсан 2 цэргийн алба хаагчийн өвчний шинж тэмдгийг илрүүлж, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд, ар гэртэй нь холбогдож эцэг эхийнх нь зөвшөөрлөөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт харьяаллын дагуу авчирч эмчилгээнд хамруулж байна. 

-Шинж тэмдгийн улмаас эмнэлэг шилжүүлсэн гэхээр ямар нэгэн байдлаар зодуулж, дэглүүлсэн шинж тэмдэг байсан уу?

-Энэ хоёр цэргийн алба хаагчийн өвчний шинж тэмдэг нь гадны нөлөөлөл буюу ямар нэгэн бэртэл гэмтлээс үүсдэггүй өвчин юм байна. Тэгэхээр тийм зүйл байхгүй. Удахгүй төлөвлөгөөт хагалгаа хийгдэнэ. 

-Цэргийн албанд эрүүл мэндийн үзлэгт тэнцээд явсан хүүхдүүд яагаад хагалгаанд орох болов?

 -Өвчний талаарх мэдээлэл хувь хүний нууцтай холбоотой. Тиймээс тодорхой хариулт өгч чадахгүй нь. Шаардлагатай гэж үзвэл тухайн цэргийн алба хаагчидтай өөрсөдтэй нь уулзах мөн Хил хамгаалах ерөнхий газрын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж мэдээлэл авч болно. Энэ тал дээр нээлттэй.

Таны сурталчилгаа