Энэ оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн “Б” нь БНХАУ-аас Замын-Үүд боомтоор их хэмжээний татвар ногдох бараа болох “Цэвэр мөнгө”-ийг гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байцаагчид мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
Тодруулбал, Уг этгээд нь Монгол Улс руу орох буюу импортын чиглэлд улсын хилээр зорчихдоо өөрийн жолоодож явсан Hyundai Starex загварын тээврийн хэрэгсэлдээ гаалийн хяналт шалгалтаас нуун далдалсан, гаалийн байгууллагад мэдүүлээгүй 8 хэсэг 318.9 кг жин бүхий “Цэвэр мөнгө”-ийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан илрүүлж, зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг тус сумын Прокурорын газрын хяналтад явуулж байна.
Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн цахим төвөөс дээрх үнэт эдлэлийг 1 гр нь 2993.36 төгрөгийн үнэлгээтэй нийт 954.458.504 төгрөгийн үнийн дүн бүхий, 200.462.325 төгрөгийн татвар ногдох бараа хэмээн үнэлсэн байна.
Иргэн “Б”-ын гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагаар шалгуулах саналыг гаргасан тухай эх сурвалж мэдээллээ.