Цаг үеийн мэдээ

2024 оны наймдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Хайлааст орчимд архидан согтуурсан иргэд маргалдаж нэг нь зүрхэн тус газар нь 2 удаа хутгалж амь насыг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ. Хүний амь насыг хохироосон уг этгээд нь гэртээ очоод өөрийгөө егүүтгэх үйлдэл хийн, гурван удаа хутгалсан байна. Ингээд эмнэлгийн яаралтай тусламж авч, яаралтай хагалгаанд ороод амь мултарсан гэх мэдээлэл эх сурвалж өглөө. Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа.

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун "Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024 оны наймдугаар сарын 14-ний өдөр "Цус алдсан байдалтай согтуу хүн хэвтэж байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хуульд заасан холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Ингээд “Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  7 буудлын автобусны эцсийн буудал орчим иргэн А-г хамт согтууруулах ундаа хэрэглэж байсан М хутгалж амь насыг нь хохироож хэргийн газраас оргон зайлсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Холбогдогч М-ийг цагдаагийн байгууллагаас олж тогтооход М нь өөрийгөө хутгалсан байдалтай байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн. Холбогдогч М-ийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ЭХТА-ийн 10.1-1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв.

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа