1939 оны Халхын голын байлдаанд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргийн дивиз, хороодын Байлдааны тугийг та харж байна. Түүхт ялалтын 85 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал болон ОХУ-ын төрийн тэргүүний түүхэн айлчлалын үеэр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн алба хаагчид эдгээр байлдааны тугуудыг сүр жавхлантайгаар ёслол төгөлдөр залан алхлаа.
Дайчдын залан алхаж яваа байлдааны тугуудыг нэрлэвэл МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийн туг, МАХЦ-ийн 8 дугаар морьт дивизийн туг, МАХЦ-ийн 5 дугаар морьт дивизийн 14 дүгээр морьт хорооны туг, МАХЦ-ийн нисэхийн 1 дүгээр хорооны туг, МАХЦ-ийн холбооны хорооны туг, МАХЦ-ийн Их бууны хорооны туг зэрэг юм.
Жагсаалын хамгийн урд яваа МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийн тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Мотобуудлагын батальоны захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, цэрэгжлийн спортын мастер, ахмад Бархасын Ариунболд алхсан юм.