Цаг үеийн мэдээ

"Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын цэргийн ангид дэглүүлсэн хоёр цэрэг хагалгаанд орохоор хотод шилжүүлэн авчирсан” гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа билээ. Энэ талаар тус албан хаагчийн эгч н.Наранжаргалтай ярилцлаа. 

-Дүүгийнх нь биеийн байдал ямар байгаа вэ?

-Би ойрын хамаатных нь хүн л дээ. Миний дүү эмээ дээрээ өссөн. Ер нь зодуулсан нь тодорхой. Нэг бус удаа шүү. Хилийн цэргийн дарга өнөө өглөө мэдээлэл өгсөн байна лээ. Цэргийн үзлэгээр явж байгаад өвчин илрүүлсэн гэх зүйл ярьсан. Хилийн боомт дээр ажиллаж байсан хүмүүс анх аав руу нь "Танай хүүхэд хэцүүхэн болчихсон явж байна. Мэдсэн үү?" гэж ярьсан юм билээ. Намар ангид нь аян өрнөөд эмээ рүүгээ захиа бичсэн юм. Түүн дээр байсан дугаараар нь яриад асуутал "Тийм зүйл байхгүй. Одоо наад хүүхэд чинь эмнэлэг рүү ирж яваа" гээд утсаа тавьчихсан. Тэгээд хөгшин настай эмээ нь санаа зовоод араас нь сураг ажиг тавиад эмнэлэг, анги руу нь холбогдтол аль хэдийн эмнэлэгт оччихсон байсан. Ингээд манай их эмч байхгүй. Сойлго хийгээд, шинжилгээ аваад яахаа шийднэ ээ гэж хэлсэн байгаа юм. Түүнийхээ дараахан "Өө зүгээр ээ. Застав руу шилжүүлсэн" гэсэн. Өөр нэг даргатай нь ярьтал "Өөрийнх нь хүсэлтээр эмнэлэг рүү шилжүүлж байна" гээд хоёр даргынх нь яриа зөрсөн. Сүүлдээ нөгөө застав руу явуулсан гэсэн хүүхдийг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан гэж байгаа юм. Бид Сүхбаатарт танил талтай хүмүүс. Аймгийн хүмүүсээр эмнэлгээс нь асуулгатал "Ямар ч тийм хүүхэд манай эмнэлэгт ирээгүй" гэсэн хариу өгсөн. Ингээд юу болов гээд эрэл сурал болно биз дээ. Цэргийн ангиас болохоор хортой зүйл байхгүй. Зүгээр л гээд байгаа юм. Тэгтэл Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг гэдэгт нь аль хэдийн оччихсон, хагалгаанд орох болчихсон байгаа юм. Анх мэдээлэл авснаас хойш бараг 20 хонолоо. Бид юу гэж таамаглаж байна гэхээр дэглүүлсэн нь ойлгомжтой. Анхандаа хэлэхгүй гүрийсэн. Яагаад гэхээр буцаад очихоор нь ална, хядна, зодно гэж заналхийлж дарамталсан юм билээ. Одоо ч өөрсдөө айхавтар зодсон барьсан гэж хэлэхгүй байгаа. Зодуулаагүй л гээд байгаа. Тэгэхээр бид бодохдоо зодож нүдсэн шарх, гэмтэл юу байдаг юм тэр бүгдээ дарахыг хичээж байна. Эмзэг эрхтэн нь хавдаж янз бүр болчихсон байгаа шүү дээ. Тэгээд судас нь бөглөрч битүүрээд хавдаж гэмтээд, улам хүндрээд байхаар нь тэр том эмнэлэг рүү явуулж гэж ойлгоод байгаа. Тэгээгүй бол Дорнод аймаг ч эмнэлэгтэй. Сүхбаатар аймаг ч эмнэлэгтэй. Жижигхэн байсан бол эндээ эмчилчихнэ. Дарга нартаа юу гэж танилцуулсан болоод ийм мэдээлэл хийж байгаа юм. Бараг л өвчтэй хүүхэд өвчин нь сэдэрсэн, гадны нөлөөтэй гардаг өвчин биш гэх мэтээр ярьж байгаа нь өрөөсгөл. Хоёрын хоёр хүүхэд хоёулаа яг ижилхэн заалтаар хагалгаанд орно гэж байх уу. Тэр хүүхдүүдийг шөнөжин жагсааж зодоод 3 нь хүнд байсны 2 нь хагалгаанд орохоор хот руу аваачсан гэж би ойлгоод байгаа. 

-Танай дүү хаанаас татагдсан бэ?

-Нэгдүгээр ээлжийн Эрдэнэцагаан сум дахь цэргийн ангийн цэргүүдийг бүгдийг нь энэ жил Дорнод аймгаас татсан. Ангиас гадагшаа огт мэдээлэл алдаагүй гэж бодоод байх шиг байгаа юм. Гэхдээ одоо харилцаа холбоо, шугам сүлжээ хөгжсөн энэ цагт цэргүүд өөрсдөө хэлэхгүй ч гэсэн бид мэдээлэл олж авах суваг байна шүү дээ. Зодуулдаг гэдгийг нь бид сонсож л байсан. Би ч өөрөө Бичигтийн боомт дээр эргэж очсон. Ухамсрын шанаа зэргийн юм байлгүй яах вэ гэж бодоод л өнгөрсөн. Гэтэл ингэж айхавтар хүндрээд, хагалгаанд орно гэж ёстой санаагүй. Одоогоор мэдэж байгаа зүйл энэ л байна. Хотод хүргээд ямар эмчилгээ сувилгаа хийж байгаа, ямар хагалгаа хийснийг мэдэхгүй. Бодит байдал ийм л байна. 

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа