Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогод үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах ажлын хэсгүүдийг байгуулан, ажиллуулж байна.
Өнөөдөр /2024.09.04/ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан гэр бүлийн салбарын бодлогын шинжилгээний ажлын хэсгийн гишүүдтэй уулзлаа.
Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж. Монгол Улсад 2023 оны байдлаар нийт 983.5 мянган өрх байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлд суурилсан хөгжлийн болон нийгмийн хамгааллыг хөгжүүлэхээр тусгасан.
Төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого, хууль эрхзүйн орчныг шинэчлэх, гэр бүлийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээний агуулга, хэлбэрийг шинэчлэх шаардлагатай гэдгийг ажлын хэсгийн гишүүд онцолж байна.
Цаашдаа салбарынхаа хүний нөөцийг чадавхжуулах, өсвөр наснаас нь эхлэн гэр бүлийн боловсролыг олгож, эрүүл, тогтвортой харилцааг чухалчлах, сэтгэлзүйн зөвлөгөөг танхим, цахим аль ч хэлбэрээр өгдөг байх зохицуулалт хийнэ.
Нийгэмдээ эрүүл, тогтвортой гэр бүлийг бий болгох нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хууль зэрэг бүхий л салбарын асуудал тул яамд хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах чиглэл өглөө.