Цаг үеийн мэдээ

Зөгий.мн сайт энэ удаагийн эерэг сурвалжилгаараа "Galaxy car cinema"-г онцолж байна. "Galaxy car cinema" нь театр дотор бус задгай талбайд өөрийн автомашинтайгаа кино үзэх боломжтой юм. Ингээд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр "Galaxy car cinema"-ийн санхүүч О.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Танайх хэзээнээс эхлэн үйл ажиллагаагаа явуулсан бэ?

-Манайх 2020 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гадаадад ийм кино театр байдгийг мэдээд анх санаагаа гаргаж байлаа. Тухайн үед Ковидын үе байсан болохоор залуучууд гэрээсээ гараад чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй учраас ийм кино театр нээвэл залуучууд чөлөөт цагаа арай үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой гэж бодсон.

- Энэхүү кино театрын онцлог, давуу тал юу вэ?

- Манай давуу тал гэвэл Airzone буюу гадаа агаарт гэдгээрээ илүү онцлогтой. Кино театрт олон хүмүүстэй зэрэгцээд үзэх биш өөрсдийн хувийн машиндаа найз нөхөдтэйгөө, гэр бүлээрээ өөрсдийн хувийн орон зайг бий болгоод илүү тухтай кино үзэх боломжтой гэсэн үг. Тийм болохоор хүмүүст илүү тухтай байдаг.

-Үзэгчдийн сэтгэгдэл ямар байдаг вэ?

-Үзэгчид Монголд анх удаа ийм задгай, өөрийн автомашиндаа суугаад үздэг кино театр болохоор өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмжийг төрүүлдэг байх. Ер нь эерэг сэтгэгдэлтэй байдаг.

- Хэдэн автомашины зогсоолтой вэ?

-100 автомашины зогсоол гэж тооцоолдог. Орой 20:30 цагт машинуудаа зогсоолдоо оруулаад, 21:30 цагт киногоо эхлүүлдэг. 100 машинаас хэтэрвэл хойноос киногоо үзэх болно. Тэр нь үзэгчдэд их хэцүү шүү дээ. Тиймээс урьдчилсан захиалга авдаг юм. Нэг машины зогсоолын үнэ 35.000 төгрөг. Машиндаа хэдүүлээ ч байсан болно.

- Үзвэрээ хэзээ гаргадаг вэ?

-Бид үзвэрээ пүрэв болон бямба гарагуудад гаргадаг. Одоохондоо улирлын чанартайгаар дулаан үед үзвэрээ гаргаж байна. Цаашдаа өвөл, зун гэхгүйгээр бүх улиралд үзвэрээ гаргахаар төлөвлөж байна.

-Танай хамт олны цаашдын зорилго юу вэ?

-Бид цаашдаа илүү том авто зогсоолд илүү том дэлгэцээр үзэгчдэд үзвэрээ үзүүлж, олон салбартай болохыг зорин ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа.

Таны сурталчилгаа