Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний чуулга уулзалт олон улсын “Найрамдал” цогцолборт өнөөдөр эхэллээ.
Чуулга уулзалтад 600 гаруй ахлагч оролцож байгаа бөгөөд Онцгой байдлын байгууллагаас нийслэлийн болон хойд, өмнөд бүсийн нийт 60 гаруй алба хаагч хамрагдаж байна.
Эхний өдөр буюу өнөөдөр оролцогчид “Ахлагчийн бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн өнөөгийн байдал”, “Ахлагчийн албаны эрхзүйн орчны өнөөгийн байдал, төгөлдөржүүлэхэд бидний оролцоо”, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний цалингийн ялгаа”, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүний жендерийн эрх тэгш байдал”, “Ахлагч бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн тогтолцоо, түүнийг боловсронгуй болгох” зэрэг арван сэдвийн хүрээнд бүлэгт хуваагдан хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн энэ үеэр ЗХЖШ-ын тэргүүн ахлагч Н.Баасан “Ахлагчийн алба-Өнөө ба ирээдүй” сэдвээр, Армийн цэргийн командлалын Төв команд байрны тасгийн захирагч-салааны ахлагч, ахлагч Э.Мөнхзул “ Эмэгтэй алба хаагчдад тулгамдаж буй асуудал ба шийдэл” сэдвээр илтгэл танилцуулсан юм.