Япон Улсын Шизүока муж нь Монгол Улстай хамтын ажиллагааг жил бүр өргөжүүлсээр ирсэн. Энэ сарын 7-8 ны өдрүүдэд тус мужаас “Ажиллах хүчний өдөрлөг”-ийг Улаанбаатар хотод зохион байгуулах юм.
Арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, Фүжинокүни дэд бүтцийн төвийн захирал Хироноро Яано тэргүүтэй төлөөлөгчдийг Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул хүлээн авч уулзлаа.
Ур чадвартай ажилтан бэлтгэх, ажиллах хүч солилцох болон асрахуй, сувилахуй чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулах арга хэмжээний талаар ноён Хироноро Яано мэдээлэл өгч, санал солилцсон.
Монгол залуусыг Японд өндөр ур чадвартай ажлын байранд дадлагажуулан ажиллуулж, ирээдүйн CEO болгон бэлтгэх бүрэн боломжтой гэж Японы ажил олгогчид үзэж байна. Амжилттай ажил хөдөлмөр эрхлэх карьераа өсгөхийн тулд багадаа 3-4 жил ажиллаж, дадлагажих шаардлагатайг онцолж байна.
Төрийн нарийн бичгийн дарга, асрахуй, сувилахуй болон бусад олон салбарт мэргэшсэн хүний нөөц бэлтгэх нь манай улсад ч тулгамдаж буйг дурдаад, "Өндөр хөгжилтэй оронд техник технологи, менежментийн олон талт мэдлэгийг олж авсан чадвартай ажиллах хүч нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн тулгуур болно. Япон Улсад дадлагажигчаар ажиллах иргэдийг урьдчилан бэлтгэх, сургах тал дээр онцгой анхаарч, ажилтнуудыг буцаж ирсний дараа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэлээ.