Цаг үеийн мэдээ

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийг "Hero" энтертайнментын найруулагч Б.Баатар шинэчлэн найруулж, "Монгол хаан" нэртэйгээр Английн Лондон хотын алдарт Колизэйн "West End" театрт өнгөрсөн оны 11-р сард 15 өдрийн турш тоглож, гадаадын 42 мянга гаруй үзэгчдийн хүртээл болгосон. “Монгол хаан” жүжиг тун удахгүй Сингапурт тоглогдох бөгөөд Сингапурт тоглогдох “Монгол хаан” жүжигт тус жүжгийн үндсэн жүжигчид тоглох бол хоёр дахь хувилбарт нь холливүүдийн жүжигчид тоглохоор болсон. Тодруулбал, “Hawai Five-0" , "John Wick" зэрэг киногоороо дэлхийн үзэгчдэд танигдсан, Филлипин гаралтай холливүүдийн жүжигчин Марк Дэкаскос, "Марко Поло", "Алита" зэрэг киногоор нь бидний сайн мэдэх Солонгос гаралтай холливүүдийн жүжигчин Леонард Вү, “Мулан”, “Golden Boy” зэрэг киногоор гадаад үзэгчдийн сайн мэдэх Хонг Конг гаралтай холливүүдийн жүжигчин Рон Юан нар “Монгол хаан” жүжгийн хоёр дахь хувилбарт дүр бүтээхээр болжээ. 

Бид “Монгол хаан” жүжгийн Эгэрэг түшмэлийн дүрд тоглох холливүүдийн алдарт жүжигчин Марк Декаскостой ярилцлаа.

 - Таны Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна вэ? 

- Би Монголд ирээд 3 хонож байна. Анх удаа Монголд ирж байна л даа. Монголд ирсэн сэтгэгдэл үнэхээр өвөрмөц байлаа онгоц газардах үеэр харсан зүйл гэвэл Монголын хөх тэнгэр үнэхээр үзэсгэлэнтэй бас их тайван нутаг шиг харагдсан. Би Монгол Улсад үнэхээр дуртай яагаад гэвэл Чингис хааныг дэлхий даяараа мэддэг шүү дээ. Надад энд байх үнэхээр таалагдаж байна.

 - Монгол Хаан жүжгийн юу нь таныг илүү татсан бэ? 

- Би өмнө нь жүжгийн трейлерийг үзэж байсан тэгээд энд ирээд жүжгээ бүтнээр нь үзсэн юм. Маш гайхалтай үзүүштэй байлаа. Жүжигчдийг нь хараад үнэхээр гайхалтай биширмээр санагдсан бас тэднээс суралцмаар санагдлаа. Яг миний дүрд тоглож байгаа С.Болд-Эрдэнэ маань дүрийг гайхалтай чадварлаг бүтээсэн байна. 

- Та жүжгийнхээ бэлтгэлд орчихсон уу?

- Би одоо жүжгийн бэлтгэлдээ орчихсон хөдөлгөөнүүдээ сурч байна. Цаашлаад өөрийнхөө хэв маягт оруулж суралцах зүйлс маш их байна. Яг үнэндээ Монгол жүжгийн дүрийг Монгол хүн л хамгийн сайн гаргаж чадна. Гэхдээ би чадахаараа хичээж өөрийгөө дайчилна аа. Энэ гайхалтай авьяаслаг бүжигчид, найруулагч, хамт олонтой хамтдаа энэхүү гайхалтай зохиолд тоглоно гэдэг нь надад маш хүндэтгэлтэй бас баярлууштай хэрэг болж байна. Энэ ташрамд хэлэхэд энэ жүжиг нь өөрөө Монгол хэл дээр маш агуу том. Тийм ч учраас одоо англи хэл дээр хийнэ ээ гэсэн үүрэг хариуцлага авч байгаа нь бас их хүнд ажил болж байна. Би маш их сандарч байна яагаад гэвэл энэ агуу зохиолыг би одоо байгаа түвшнээс нь доошлуулахыг ер хүсэхгүй байна. Тийм болохоор энэ бага хугацаанд аль болох их юм сурна аа гэдэг нь нэг талаасаа бас сорилт болж байгаа юм. 

– Та хамгийн сүүлд хэзээ тайзны уран бүтээлд тоглосон бэ? Тун удахгүй тайзан дээр гарах гэж байна шүү дээ. 

- Хамгийн сүүлд тайзны жүжигт 20 настай байх үедээ Вестсайт Стори дээр ажиллаж байсан. Үүнээс хэдэн жилийн дараа Зем Шеферлийн жүжиг дээр бас ажиллаж байсан юм. Юниверсал студиэс 24 минутын тайзны жүжигт тоглож дүр бүтээж байлаа. Тэр үеэс хойш би ерөөсөө тайзны жүжигт тоглоогүй байж байгаад 2018 онд Шекспирийн жүжигт шалгуулаад тэнцэж байсан юм. Яг тэр үеэр Жон Викээс би дуудлага авсан юм. Тухайн үедээ цагийг нь тааруулах гэж үзэж байсан ч Жон Вик илүү урт хугацааны ажил болохоор би тэр жүжгээс татгалзчихсан. Гэхдээ үүгээр дуусаагүй ээ. 2 жилийн дараа театраас надад дахиад Шекспирийн жүжгийн дүр орж ирсэн ч намайг агентлаг маань Хангрила руу ажилд явуулаад энэ бүхэн бас л цуцлагдаж байлаа. Яг тайзны жүжгийг албан ёсоор хийгээгүй хэдэн жил болсон байгаа ч тайзны урлагийг бол бэлдсээр ирсэн. Энийгээ бодож үзэхэд надад бас бага зэргийн сандрал байна аа. Гэхдээ үүнээс илүү их догдолж байна. 

- Та яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон юм бэ?

 - Миний жүжигчин мэргэжилд дурлаж энэнээсээ урам авдаг зүйлүүд юу вэ гэвэл тухайн үеийнхээ зохиолууд дээр ажиллах. Түүнийхээ хажуугаар хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ холбоо үүсгэх. Яагаад гэвэл жүжигчид бидний давуу тал бол хамтарч ажиллаж байгаа хүмүүстэйгээ дотносож найзууд болох боломж их байдаг. Тэр нь надад маш их таалагддаг юм. 

- Таны амьдрал мөн дүрүүд тань тулаантай үргэлж холбоотой байдаг? 

- Манай аав ээж 2 кунфугийн багш нар л даа. Тийм болохоор би бүүр 4 настайгаасаа л зодооны урлагаар хичээллэсээр 6 насандаа анхныхаа тэмцээнд орж байсан юм. Надад энэ нь багаас л байсан учраас би үргэлж өрнөлтэй тулаантай кинонд тоглодог. Телевизэд би хоолны шоунд оролцдог. Хоол хийгээд л тулалдаад хоол хийгээд л тулалдаад. Гэхдээ кино урлагт бол бараг л дандаа тулаантай кинонд л тоглодог. Яагаад гэвэл миний бие эрүүл чийрэг байна. Бие маань хөдөлж л байвал би өөрийгөө дайчилсаар л байх болно. 

- Ярилцсанд баярлалаа. 

- Чамтай ярилцахад таатай байлаа. Амжилт хүсье.

Таны сурталчилгаа