Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд шөвгөрсөн 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Үүнээс дөрвөн бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн байдаг. Энэ талаар Хууль зүйн яамнаас тодруулахад "Бид тухайн бөхчүүдэд ямар хариуцлага оногдуулах тухай шийдвэрийг танилцуулаад, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисст хүргүүлсэн. Одоо тус комиссоос хуралдах товыг зарлан биелэлтийн журмыг хэрэгжүүлнэ" гэлээ.
Ингээд Үндэсний допингийн эсрэг байгууллагаас тодрууллаа.
-Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Үүнээс дөрвөн бөхөөс илэрсэн байдаг. Тус бөхчүүдэд ямар хариуцлага тооцож, хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Гурван бөхийн тамирчны эрхийг хязгаарласан бөгөөд баяр наадмын зохион байгуулах хорооны байгуулсан үр дүнгийн менежментийн баг шийдвэрээ 2024 оны наймдугаар сарын 2-ны өдөр гаргасан. Үндэсний баяр наадмын тухай хуульд зааснаар процессын дагуу салбар хороод, шадар сайд гээд батлагдаад явж байгаа. Шийдвэр долдугаар сарын 12-ны өдрөөс буюу шинжилгээ авсан өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
-Нэг бөх нь яасан юм бол?
-Нэг бөхийн хувьд илэрсэн бодис нь хязгаар даваагүй тул үр дүнгийн удирдлагын баг дүрмийн зөрчил гэж үзээгүй.
-Ямар хариуцлага тооцсон тухай мэдээлэл өгч болох уу?
-Шийдвэр бөхчүүдэд өөрсдөд нь байгаа.
-Хөнгөрүүлэх нөхцөл бий юу?
-Энэ жилийн хувьд допинг илэрсэн тамирчид тэр доороо буруугаа хүлээж, олон нийтийн хэрэгслээр уучлалт гуйсан. Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу 21 хоног дотор хүлээн зөвшөөрч дараа дараагийн хурал, Арбитр зэрэгт хандах эрхээсээ татгалзвал 1 жил хүртэлх хугацаагаар эрх хязгаарлалтыг хөнгөлдөг. Мөн хэрэглэсэн бодисын ангиллаас хамааран шийтгэлийн хугацаа өөр өөр байдаг.
С.ОТГОНБАЯР