Монгол Улсын хэмжээнд 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтэр, цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ.
Нийт тохиолдлын 337 буюу 64.4 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол, насны хувьд 216 буюу 41.3 хувийг 0-18 насныхан эзэлж байна.
Шалтгааны хувьд, скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх тохиолдол 92.9 хувийг эзэлж байгаа юм. Тухайлбал:
▪️ Скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -486 (92.9%)
▪️ Цахилгаан дугуйтай /суррон/ зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -20 (3.8%)
▪️ Мопедтой зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх -17 (3.3%)
Мөн нийт тохиолдлын 124 буюу 49.9 хувийг скүүтэрээс унаж гэмтэх шалтгаан эзэлсэн бол, 5-14 насныхан өндөр хувьтай байна.
Скүүтэртэй зорчигч бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж гэмтэх тохиолдол 97 буюу 45.3 хувийг эзэлж буй бөгөөд ихэнх нь 15-24 насныхан байна.
Явган зорчигч скүүтэрт мөргүүлж гэмтэх тохиолдол нийт 19 бүртгэгдсэн бөгөөд 5-9 болон 50-54 насныхан өндөр хувийг эзэлж байна.
Цахилгаан дугуйнаас /суррон/ үүдэлтэй осол гэмтэл нийт 20 буюу 85 хувийг эзэлж байгаа бол, ихэнх нь 10-29 насныхан байна.
Мопедоос үүдэлтэй осол гэмтлийн тохиолдол нийт 17 бөгөөд 15-аас дээш насныхан дунд түгээмэл тохиолдож байна.
Скүүтэр болон цахилгаан дугуйнаас /суррон/ үүдэлтэй осол гэмтлийн нийт тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл, 465 буюу 88.9 хувь нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар, скүүтэр болон цахилгаан дугуйнаас /суррон/ үүдэлтэй осол гэмтлийн улмаас нийт 523 хүн яаралтай тусламж авсан бөгөөд үүний 25 (4.8%) нь хэвтэн эмчлүүлсэн байна.
Хэвтэн эмчлүүлэгсдийн 60 хувь нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн нь насанд хүрэгсэд байна. Эдгээрээс 22 (88%) нь мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд 40.9 хувь нь шуу ясны хугарал, 27.3 хувь нь шилбэний хугарал, 13.6 хувь нь дунд чөмгөний хугарлыг засаж бэхлэх мэс заслын тусламж авчээ.
2024-09-07
Монгол хүнд ийм унаа зохихгүй 4 дугуйтай унаа ч зохихгүй