Цаг үеийн мэдээ

Португал улсын хөлбөмбөгчдийг “Европын бразилууд” гэж нэрлэдэг. Учир шалтгаан нь, адилхан португал хэлээр ярьдагтаа бус. Португалууд хөлбөмбөгийг XIX зуунд өөрсдийн колони улс байсан бразилуудаас дутахгүй уран гоё, техниктэй тоглодгоороо Европт онцгой ялгардаг, тиймээс магтаалын ийм нэртэй болсон байна. Португалын хөлбөмбөгийн талбарт олон арван жилийн турш Порту хотын “Порту”, Лиссабон хотын “Бенфик” гэсэн хоёрхон баг ноёлж байгаа. Португалын хөлбөмбөгийн лигт “Порту” 28 түрүү авсан бол “Бенфик” 37 удаа аваргалаад байгаа юм. Олон улсын тавцанд ч энэ хоёр баг л өөрийн орныхоо нэрийн хуудас болж ирсэн. (Европын Аваргуудын лигийн хошой аваргууд) Хойшид ч ийм ирээдүй, ийм замнал хүлээж буй. Гэвч “Бенфик” баг Европын Аваргуудын цомд (одоогийн Аваргуудын лиг) 1961, 1962 онд дараалан түрүүлж, цаг үедээ хаанчилж байсан “Реал Мадрид”-ын (1956 оноос зохиосон тус тэмцээнд завсаргүй тав түрүүлээд байсан) тэргүүллийг таслан зогсоосноос хойш нэг ч удаа Европын клубүүдийн тэмцээний цом авсангүй. Тус баг Аваргуудын цомд 1963, 1965, 1968, 1988, 1990 онд нийт таван удаа финалд тоглоод хожигдсон түүхтэй.
Түүнчлэн Европын лигийн финалд 1983, улмаар хамгийн сүүлд 2013, 2014 онд хоёр жил дараалан, нийт гурван удаа шалгараад мөн л түрүүлсэнгүй, цом авч чадсангүй. Европын лигт 2013 оны тавдугаар 15-нд Английн “Челси”-д 1:2-оор, дараа нь 2014 оны тавдугаар сарын 14-нд Испанийн “Севилья” багт торгуулийн цохилтоор 2:4-өөр хожигдсон юм. Үүнээс хойш 2015-2019 онд Европын клубүүдийн цомын хоёр том тэмцээний финалд гарч ирсэнгүй. Хамгийн дээд амжилт нь 2016 онд Аваргуудын лигийн хасагдах шатны шилдэг 8-д, 2017 онд 16-д шалгарсан.
 
 
Харин 2015, 2018, 2019 онд хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн. Гэхдээ “Бенфик” баг 2014 оноос хойших энэ хугацаанд өөрийн улсын хөлбөмбөгийн лигт тав түрүүлж, нэг удаа хоёрт (2018 онд) шалгарсан бахдам амжилт үзүүлж, жил бүр Аваргуудын лигийн хэсгийн шилдэг 32-т шууд орж тоглох эрх эдэлдэг. Хамгийн хачирхалтай нь хөлбөмбөгийн маш олон хөгжөөн дэмжигч тухайн оны Аваргуудын лигт “Бенфик”-ийг түрүүлнэ гэж бооцоо тавьдаггүй. Өөрөөр хэлбэл, ямар баг түрүүлэх вэ гэдэгт өөр өөр хувилбар гаргаж таамаг дэвшүүлдэг, гагцхүү “Бенфик” л түрүүлэхгүй гэдэгт бүгд санал нийлдэг.
 
 
Тэдний яриагаар бол дасгалжуулагч Гуттманны хараалын үйлчлэх хугацаа дуусах 2063 оноос нааш “Бенфик” клуб Европын хөлбөмбөгийн нэг ч цомыг авахгүй юм байх. Гуттманн гэж хэн бэ, Гуттманны хараал гэж юу вэ гэдгийг одоо сонирхъё. Залуу цагтаа Унгарын шигшээд тоглож байсан Гуттманн нь “Бенфик” багийн дасгалжуулагчаар ажиллахдаа тус клубыг Португалын хөлбөмбөгийн лигт 1960, 1961 онд түрүүлгэлээ. Португалын цомыг 1962 онд өргүүллээ. Европын клубүүдийн хамгийн том тэмцээн Аваргуудын цомд 1961, 1962 онд дараалан түрүүлгэж цом өргүүллээ. Португалын колони орон Мозамбикээс ирээдүйн од 19-хөн настай Эйсебиог “Бенфик” багт урвуулж довтлогчийн авьяасыг нь нээлээ. Тэрбээр багаа Аваргуудын лигт хоёр дахь удаагаа түрүүлгэсний дараа “Бенфик” багийн удирдлагад хандаж, цалин дээрээ нэмж үр дүнгийн урамшуулал авах санал тавьжээ.Тус багийн удирдлагууд тухайн үеийн амжилтын гол зохиогч (автор) нь дасгалжуулагч Гуттманн гэдгийг ухаараагүй байж. Гуттманнаас өөр дасгалжуулагч байсан ч Эйсибио, Аугушта, Агуаш нарын шилдэг довтлогчтой тус багийг амжилтын оргилд түүнээс дутахгүй хүргэж чадна гэж тооцсон байна. Нөгөөтэйгүүр 62 хүрч байгаа Гуттманныг нас нь дэндүү явжээ хэмээн үзсэн юм байх. Үр дүнгийн урамшуулал авч цалингаа нэмүүлж чадаагүйдээ бухимдсан Гуттманн цаашид дасгалжуулагч хийхээс татгалзсан бөгөөд одоо хүртэл үлгэр домог мэт яригддаг хараалын үгээ хэлж хаалга тас саван гарчээ. Тэрээр “Ирэх 100 жилд “Бенфик” надгүйгээр Европын Аваргуудын цомд хэзээ ч түрүүлэхгүй” хэмээн зүхлийн үг хэлсэн байдаг. Түүний хэлснийг Бенфик клубын удирдлага, багийн тоглогчид ч огт тоосонгүй. Гэтэл хойтон жил нь 1963 онд Аваргуудын лигийн цомын финалд хожигдов. Жил өнжөөд 1965 оны финалд дахин хожигджээ. 1968 гуравдахиа хожигдлоо.
Арай өөр түвшний УЕФА-гийн (Европын лиг) цомын финалд 1983 онд сүүл мушгиж, 1988 оны Аваргуудын цомын финалд бас хожигдлоо. Энэ үеэс эхлээд Гуттманны хараал хүрснээс “Бенфик” Европын хөлбөмбөгийн томоохон хоёр цомын финалд хожигдоод байна гэсэн яриа дэлхий нарыг тойрдог гэдэг шиг үнэн мэт сонсогдох болжээ.
 
Хөлбөмбөгийн ертөнц дэх мухар сүсгийн дээд амжилтын төгс жишээ болсон энэ ойлголтыг гал дээр тос асгасан мэт дэврээсэн үйл явдал 1990 онд боллоо. “Бенфик” клуб 1990 оны Аваргуудын лигийн финалд Италийн “Милан”-тай тоглохоор шалгараад байв. Гуттманны гарын шавь, Португалын алдарт хөлбөмбегч “хар ирвэс” хэмээх Эйсибио дасгалжуулагчийнхаа шарил дээр очиж түүнээс зүхлийн үгээ буцааж авахыг гуйхаар болсон байдаг.
 
Тэрбээр Австрийн Вена хотын чимээгүй хотод нойрсоод есөн жил болж буй хайрт багш, дасгалжуулагч Гуттманны шарилд мөргөн тухайн үед түүнийг гомдоосон “Бенфик”-ийн удирдлагуудын өмнөөс, түүнээс хойших хугацаанд тус багтай холбоотой хөгжөөн дэмжигч, тоглогч, дасгалжуулагч, захирал бусад бүх хүний өмнөөс уучлал гуйсан байна. Хамгийн гол нь, Гуттманнаас 100 жилийн хугацаагаа тасалбар болгон зогсоож өгөхийг хичээнгүйлэн хүссэн байдаг. Гэтэл Эйсибиогийн санаснаар болсонгүй. 1990 оны тавдугаар сарын 23-нд Австрийн Вена хотын төв цэнгэлдэхэд болсон финалын тоглолтод “Бенфик” клуб Италийн “Милан”-д 0:1 -ээр хожигдлоо. Тэдний хаалганд ялалтын гоолыг Голландын легионар Рийкаард тоглолтын 68 дахь минутад хийсэн юм. Дасгалжуулагч Гуттманны хараал “Бенфик”-д дахиад цаашаа 44 жил 2063 он хүртэл үйлчлэх үү. Энэ нь орифлеймийн Г.Оюунбилэгийн, тэнгэрийн нар түр унтарна гэдэгтэй дүйхүйц худлаа ойлголт. Польшийн хэвлэлд Мариан Кандинский гэдэг спортын сэтгүүлч “Бенфик” финалд хожигдоод байгаа нь Гуттманны хараалаас огт болдоггүй. Харин тус багийн тоглогчдод Гуттманны хараал хүрсэн учраас бид ч түрүүлж чадахгүй, хожигдох байх гэсэн айдастаа хөтлөгдөөд хөлбөмбөгийн талбайд гарахаасаа өмнө ялагдсан байдаг” гэсэн нь оновчтой дүгнэлтийн нэг жишээ. Хамгийн сүүлд 2014 оны Европын лигийн финалд гэхэд Испанийн “Севилья”-тай 0:0-ээр цаг сунгаад эцэст нь 11-ийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад “Бенфик”-ийн тоглогчид биеэ бариад олигтой өшиглөж чадахгүй байгаа нь илт мэдрэгдэж байсан. Харин сэтгэл санааны ямарч дарамтгүй Испанийн багийн хөлбөмбөгчид торгуулийн цохилтыг итгэлтэй нь аргагүй 100 хувь гүйцэтгэж “Бенфик”-ийг 4:2-оор буулгаж авсан. Португалын багаас дөрвөн тоглогч цохиход хоёр нь алдсан юм. Эцэст нь хэлэхэд, үйлчилгээний хугацаа нь 100 жил үргэлжлэх хараал зүхэл гэж юу байх вэ. Харин Гуттманны хараал нөлөөлж байгаа гэж төөрөлдсөн бодолтой хөлбөмбөгчид, багийн удирдлагад л байна даа. Яалтай ч билээ. Энэ намар гэхэд л Аваргуудын лигийн хэсгийн тоглолтын нэгдүгээр тойрогт Европын дундаж баг Германы “Лайпциг”-т өөрийн талбай дээрээ 46460 үзэгчийнхээ өмнө 1:2-оор хожигдож байх юм. Тус баг ОХУ-ын “Зенит”, Францын “Лион”, Германы “Лайпциг" багтай “С" хэсэгт орсон. Баг тус бүр өөр хоорондоо хоёр, нийт зургаа тоглож, хэсэгтээ эхний хоёр байрт орсон багууд хасагдах шатны шилдэг 16-д шалгардаг дүрэмтэй билээ.
 
 
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Таны сурталчилгаа