Цаг үеийн мэдээ

Энэ зураг Японы интернэт хэрэглэгчдийн дунд маш их маргааныг дэгдээгээд байгаа юм. Аравдугаар сарын 21-нд болсон "Принцесс" буухиа гүйлтийн тэмцээний 19 настай тамирчин охин Рэй Иида хөлөө бэртээсний улмаас 300м мөлхөж бариандаа орж дараагийн тамирчиндаа туузаа шилжүүлсэн байгаа юм. Хоёр өвдөг нь халцраад зулгарсан ч, цусаа дуслуулан мөлхөж байгаа багийнхаа тамирчныг хүлээж байхдаа дараагийн тамирчин нулимсаа арчиж байсан.

"Үнэхээр шийртэй охин байна", "Сэтгэл хөдөллөө, бахархлаа", "Тамирчин хүн ийм л байдаг", "Багийнхандаа төвөг удахгүйн төлөө" гэсэн бахадсан сэтгэгдлүүд дүүрэн байгаа ч "Зогсоох ёстой байсан", "Гүйлтийн тамирчин хүнд хамгийн чухал нь хөл байхад улам гэмтээж байгаан бишүү", "Нэгнийгээ зольж зорилгодоо хүрэх тэгээд багийн спорт уу?", "Японы нийгэм ерөөсөө л ийм дарамттай, ажил дээр гарсан ч ийм л байдаг, тийм учраас амиа хорлолт их байдаг юм" гэсэн шүүмжлэлүүд түүнээс их.
Манай Монголын нэг сайт ч "БИД ИЙМ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ" гээд зургийг нь тавьжээ.

Мэдээж Япон орон гайхалтай. Суралцах, бахархах зүйл маш их орон. Ялангуяа тэр хүнд төвөг удахгүй байх тал дээр бусад орнуудыг хол хаясан орон гэж боддог. Нэг жишээ л гэхэд бусдад төвөг удахгүйн тулд галт тэргэнд зогсохдоо цүнхээ урдаа үүрч, утсаар ярих байтугай чихэвчээрээ чанга дуу ч сонсохгүй, зам дээр явахдаа ч бусдад зай гаргахаар нэг талдаа (энэ тамирчин охин шиг) шахаж явна. Ажлаасаа амралт чөлөө авах бол бусад багийнхандаа төвөг удахгүйн тулд сар, 2 сарын өмнөөс мэдэгдэж, 7-с илүү хоног амрахгүй. Гэтэл энд Австралид галт тэргэнд 2 хүний суудалд цүнх ачаагаа тавиад суучихсан, чанга дуугаар ярьж, 9 цагаас эхэлдэг ажилд 11 цагийн үед өнөөдөр амарлаа гэж ярих хүн ч байна.

Японы нийгэмд удаад яг л ижилхэн хүнд төвөг удахгүй юмсан гэсэндээ өөрийгөө золиослох сэтгэхүйтэй болсон байж гэдгээ би энд ирээд анзаарсан. Би тэгж боддог болсон байхад энэ охин тэр орчинд төрж өссөн учраас арга ч үгүй байхдаа. Гэхдээ энэ зураглал бол үнэхээр нүд халтирам... энэ бол төвөг удах, удахгүй биш хүний эрүүл мэнд, ирээдүй, ёс зүй, тэмцээний дүрэм журамтай холбоотой асуудал юм болов уу.

Дасгалжуулагч нь дараа нь "бид зөвлөлдөөд зогсоох тушаал гаргасан ч түүнийг дамжуулах үед цаг хугацааны зөрүү гараад хэдийнэ барианд ойртож очсон байсан" гэсэн тайлбар хийсэн байналээ.

Би Япон оронд маш их хайртай ч энэ бол тэгж их сайшаагаад, дуурайгаад байх зүйл биш, хөл гэмтэх үед нь л зогсоох ёстой байсан гэж санагдсанаа нуух юун. Бүх зүйл, хүнийг бодох сэтгэл, өөрийгөө бодох сэтгэл хэм хэмжээтэй байх ёстой юм байна гэдэг мессежийг авлаа. Та бүхэнд ямар санагдаж байна вэ?

Эх сурвалж: With love, Masha пэйж хуудас

 

Таны сурталчилгаа