Цаг үеийн мэдээ

            Согтуу хөршийнхөө халдлагаас ээжийгээ хамгаалаад амиа алдсан 14 настай хүүд эр зоригийн одон нэхэн олгохоор болжээ. Уг зарлигт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан байна. Оросын умард бүсийн Северодвинск хотод 2017 оны тавдугаар сард энэхүү харамсалтай хэрэг гарсан юм. Тухайн үед талийгаач хүү Иван Крапивиний ээж хөрш Роман Пронин гэгчтэй маргалджээ. Шоронгоос суллагдаад удаагүй Пронин согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд дасгалын туухай хутга зэргээр зэвсэглэн хүүгийн ээж рүү довтолж, хэд хэдэн удаа цохисон байна.

            Энэ үеэр ээжийгээ харгис этгээдээс хамгаалж тулалдсан хүү толгойдоо гурван удаа туухайгаар цохиулж хүнд гэмтэл авсан юм. Хүүгийн духны яс бараг байхгүй болж, тархи, нүдэндээ хүнд гэмтэлтэй жил гаруй ухаангүй эмнэлэгт хэвтжээ. Эцэст нь хөөрхий хүү 2018 оны 12 дугаар сард амьсгал хураасан юм.  Харамсалтай нь хүүгийн ээж энэ хугацаанд эмнэлэгт ганц ч удаа эргэж ирээгүй бөгөөд сүүлдээ асран хамгаалагчийн үүргээсээ татгалзсан байна.

            Хүүг эмнэлэгт байх хугацаанд түүний төрсөн ах асран халамжилж байжээ. Гэмт хэрэг үйлдсэн Пронин баривчлагдаж шүүхээс 14,5 жил хоригдох ял сонсчээ. Тэрээр хохирогчид нэг сая рубль төлөх шийтгэл хүлээжээ.

            Хайрлах сэтгэлгүй эхийгээ хамгаалж тулалдаагүй бол зоригт хүү өдийд амьд байх байлаа хэмээн хүмүүс дурсаж байна.

Таны сурталчилгаа