Цаг үеийн мэдээ

            1990-ээд оны эхээр Ф.Киркоровын хувийн амьдралын талаар бараг л хэн ч мэддэггүй байлаа. Хэвлэлүүдээр ихэвчлэн сэтгүүлчдийн таамаг буюу Филиппийг хэн нэгэн эмэгтэй дуучинтай ойр дотнын холбоотой хэмээх мэдээ мэдээлэл хаа нэгхэн гарахаас хэтэрдэггүй байв.

            Алла Пугачёва 1993 оны 12-р сард Евгений Болдиноос салснаас хойш Филипп өдөр бүхэн Аллад цэцгийн баглаа хүргүүлж эхлэв. Ингэхдээ цэцгийн баглаандаа нэг өдөрт хоёр цэцэг нэмж хийсээр...12-р сарын 13-нд 113 ш сарнай цэцэг илгээснээс хойш нэг сарын дараа 01-р сарын 13-ны өдөр Аллагийн гэрийн гадаа морь хөлөглөсөн жинхэнэ гоёмсог сүйх тэрэгтэй ханхүү Филипп ирж хатан хаан А.Пугачёвагаа суулгаад Улаан талбай дундуур нэвт өнгөрч Большая Ордынка хүрчээ. Энэхүү алтадсан гоёмсог сүйх тэрэгтэй хаан хатан хоёрыг харсан замд тааралдсан хүмүүс эхэндээ ямар нэгэн кино, клипний зураг авалт хэмээн бодсон гэдэг.

Төд удалгүй камер барьсан телевизийн операторууд шавж, уг сүйх тэргийг цагдаагийн машин болон "чайка", "волво" машинууд цуваанд орж дагалдан явсаар Замоскворечье дахь "У бабушки" хэмээх багавтар рестораны гадаа хүрч ирлээ... Зочдын тоо цомхон, тун ойрын найз нөхөд нь болох Игорь Крутой, Николаев эхнэр Королёватайгаа, Буйнов, Юдашкин нар л байлцав. Энэхүү сүй тавих ёслолын үеэр энэ хос нэг нэгнээ "Та" хэмээн дуудаж, хүндэтгэлтэй хандаж байв. Тэр оройдоо сүй тавьсан хос өнөөх сүйх тэргэндээ суугаад оны шилдэг *Овация* шагнал гардуулах ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирэхэд тэнд байгсад тэдний тухай сонин мэдээг бүгдээрээ мэдчихсэн, халуун баяр хүргэж байв аа. Энэ өдөр Киркоров 1993 оны шилдэг дуучнаар шалгарч "Овация" шагнал хүртжээ.

            Урт удаан хугацааны туршид тэдний харилцааны талаар тодорхой мэдээгүй олон нийт нэг л итгэлгүй хандаж байгаа нь ойлгомжтой байлаа. Хүмүүс бодохдоо Алла Борисовнад романтик маягийн В.Кузьмин юмуу хатуу чанд, бас стильлэг Сергей Челобанов шиг эрчүүд таалагдах болсон гэж ойлгож байсан учраас Филипп тэр хоёрын харилцааг "хошин жүжиг" мэт итгэлгүй хэрнээ хөнгөмсөг хэмээн шүүмжилж байсан аж. Хэсэг хугацааны дараа Филипп Алла хоёр 05- сарын 15-нд ураг барилдах ёслол үйлдэнэ хэмээн мэдэгдлээ.

            Хүүхэд насаа өнгөрөөсөн Земляной Валын тэнд Филипп шинэ байр худалдан авч засвар хийсний дараа 04-р сар гэхэд ягаан шар өнгөний хослол бүхий унтлагын өрөөтэй, компьютертэй хар өнгийн дугуй хэлбэртэй ваннтай, гаднаа төмрөөр торлосон, сум үл нэвтрэх шилэн цонхтой, агааржуулагчтай, тухайн үедээ санаанд ч багтамгүй шинэлэг атлаа маш үнэтэй, усгүйгээр чанаж, шардаг хоолны савны ком бүхий гал тогоотой тохилог байранд нүүж оржээ.

            Тухайн үедээ оросуудын санаанд нь ч багтамгүй өндөр өртөгтэй буюу 350 мянган доллар зарлагадсан шоу болох "Я не Рафаэль" тоглолтоо Санкт-Петербург хотноо толилуулж байх үеэрээ тэд гэнэт гэрлэлтээ бүртгүүлэх шийдвэр гаргажээ. Уг тоглолтын дараах хүлээн авалтан дээр Киркоровын эртний танил, "Октябрьский" концертын заалны захирал эмэгтэй Эмма Лавринович "Хэдэн жилийн өмнө Нева мөрний эрэг дээрх хот дэндүү их таалагдсан учраас хэзээ нэгэн цагт гэрлэх болвол чухамхүү энэ хотод хуримынхаа ёслолыг хийнэ гэж Филипп амласан" хэмээн хэлтэл Филипп огцом шийдвэр гаргаж, "Маргааш гэрлэлтээ албан ёсоор энд батлуулна" гэж мэдэгдлээ.

            Маргааш нь Филиппийн аав Бедрос Киркоров гуай Москвад орхисон паспортыг нь өөрийн биеэр авчрангаа хуримын ёслолд орлцсон байна. Тэндхийн бүх сонин сэтгүүлүүд Филипп Алла хоёрын гэнэтийн хуримын талаарх зураг сэлт, мэдээг шуурхай дамжуулахаар яаравчлав. Улаан флотын эрэг дээрх Хуримын ордны гадаа хар "чайка" машин хөлөглөсөн хос ирж дотогш ороход хэвлэлийнхэн гадаа нь хүлээсээр үлдлээ. Чухамхүү энэхүү Хуримын ордон байрлаж буй ордонд нэгэн цагт Болгарыг Туркийн дарлалаас чөлөөлөхөд гарамгай гавьяа байгуулсан Их ноён Николай Николаевич амьдардаг байсан учраас чухамхүү энд гэрлэлтээ батлуулах саналыг Филиппийн аав Бедрос гуай санал болгожээ. Гэрлэлтийн албан ёсны баталгааг Санкт-Петербург хотын дарга Анатолий Собчак гуай өөрийн биеэр гардуулж өгсөн байна. Тун дотны харьцаатай хэдхээн хүн энэхүү ёслолд оролцож, бусад нь ордны гадаа хүлээхээс өөр арга байсангүй. Тэр хавиар маш олон хүмүүс бүгд л биечлэн баяр хүргэхээр цугларч, хуримлагч хосыг хамгаалагч нар арай гэж машинд нь суулгасны дараа *Белла Леоне" рестораны зүг хөдөлжээ. Тус рестораны ханан дээр *Алла+Филипп=Мөнхийн хайр. 1994.03.15* гэсэн бичигтэй дурсгалын самбар буй...Энэхүү хуримын ёслолын дараа буюу 1994 оны 04-р сарын 30-ны өдөр буюу Филиппийн төрсөн өдөр удаан хугацааны туршид хүнд өвчтэй хэвтэрт байсан түүний ээж Бурхны харьяат болжээ. Тэд гэрлэх болсон тухайгаа эмнэлэгт хэвтэж байхад нь очиж хэлэхэд Филиппийн ээж зөвшөөрөл өгснөөр барахгүй "Алла одоо хүү маань хамгийн найдвартай хүнтэй хамт байх болохоор миний сэтгэл амарлаа" хэмээн хэлсэн гэдэг. Филиппийн ээжийг нутаглуулсан өглөөний 9 цагаас хойш 3 цагийн дараа буюу 12 цаг гэхэд Филипп Алла хоёрын суусан онгоц Израиль руу нисчээ.

Энэ тухай Алла тайлбарлахдаа,

            -Хүмүүс энэ талаар тухайн үед их эмзэглэж биднээс маш олон хүмүүс асуусаан. Би тайлбар хэлье. Би уран бүтээлч хүн, Филипп ч ялгаагүй насаараа аялан тоглолтоор явсан урлагийн хүмүүсийн гэр бүлд төрж, өсч том болоод өөрөө бас том уран бүтээлч болсон хүн. Урлагийн хүмүүсийн нэг зовлонтой нь бүх билет нь урьдчилан зарагдаад, танхим дүүрэн үзэгчид зааланд хүлээгээд сууж байхад "Би өвдлөө, аль эсвэл надад гачигдал гарсан тул өнөөдөр ямар нэгэн жүжиг, концертонд тоглож, дуулж, хөгжимдөж чадахгүй ээ" гэж хэлэх эрхгүй хүмүүс байдаг юмаа. Өөрөө үхчихээгүй, хөл дээрээ зогсож л байвал тэр жүжигчин, дуучин үзэгчдийн өмнө заавал тоглох ёстой хатуу гэрээтэй, энэ бол урлагийн ажилтны хууль, бас хувь заяа. Тухайн үед Израильд орой нь тоглох ёстой гэрээтэй байсан учраас тийшээ нисэхээс өөр арга байгаагүй гэдгийг тайлбарлаж хэлье хэмээн учирлажээ.

            Израилийг Христосын шашинтнууд, сүсэгтэн олон "Ариун газар" хэмээн нэрлэдэг учраас гэрээтэй тоглолтуудаа хийж дуусгасны дараа шинэхэн хосууд тэндхийн сүмд Адислуулах ёслол үйлджээ. Санкт-Петербургийн Хуримын ордонд гэрлэлтээ батлуулахдаа Алла Борисовна яагаад ч юм цагаан захтай хар даашинз өмссөн байсан бол Израилийн сүмд адислуулахдаа цав цагаан даашинз, туфли, хосын бөгж сэлтээ тэндээс шинээр худалдан авч уг ёслолд ном ёсоор нь оролцсон ажээ. Харин Иерусалимын Үнэн алдартны сүмийн хамба лам эхэндээ тэднийг адислахаас татгалзсан нь нарийн учиртай байж. Алла Борисовна урьд нь гурвантаа гэрлэсэн байсан учраас Оросын үнэн алдартны шашны сүм хийдээс зөвшөөрөл авсны дараа л адислана гэдгээ мэдэгдсэн тул Израильд суугаа Оросын элчин сайд А.Бовин гуай зохих ёсны зөвшөөрлийг авах ажлыг факсаар илгээж, хариуг нь хүлээн авснаа өөрийн биеэр гардуулсан тул 05-р сарын 15-ны өдөр буюу "Гэр бүлийн өдөр" тэдний сүмд адислуулах ёслолыг ном ёсоор нь гүйцэтгэжээ.

            Нэгэн баримтат кинонд Алла Борисовна сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн асуусан асуултанд хэрхэн нээлттэй хариулсан талаар өгүүлжээ. Тэрээр ярихдаа, -Биднийг гэр бүл болсныг хүмүүс, ялангуяа бидний хамгийн дотно итгэж найддаг найз нөхөд маань хэрхэн хүлээж авсныг би та нарт сонирхуулъя. Биднийг хамгийн сайн ойлгож, баяртай хүлээж авна байх гэж тооцож байсан нөхдүүдийн гаргаж байсан араншин, урдуур хойгуур шивгэнэлдэн шоолж, бах нь ханасан янзтай хов жив ярьсныг нь сонсоод үнэхээр гайхширал төрж байлаа. Зарим нь бидэн дээр хүрч ирээд дал мөр алгадаад, *Ер нь бол та хоёрыг ойлгож байна. Маш зөв гарц бодож олсон байна шүү. Овоо юмаа* гэж байхад нөгөө нэг нь хүрч ирээд *Та хоёр чинь яахлаараа надад хэлдэггүй байнаа. Хэлсэн бол би хүрч ирэх байлаа. Надад ч гэсэн реклама хэрэгтэй л байсан ш дээ* гэх жишээтэй. Зарим нь бүүр Филиппт өөрт нь *Ойлгож байнаа, хөгшөөн, энэнээс илүү аймаар шийдвэр гаргана ч гэж юу байх вэ, сэтгэл санааг чинь ойлгож байгаа шүү* гэж ичиж зовохгүй хэлж байсан ч хүн бий. Үнэхээр гутармаар үг, үйлдлүүдийг гаргадаг л юм билээ хэмээжээ...

            Энэ цаг мөчөөс эхлэн Филипп Киркоров супер одын албан ёсны нөхөр, өөрөө том уран бүтээлч болж яваа гэдгээ батлахын тулд уран бүтээлдээ хамаг анхаарлаа хандуулахын зэрэгцээ ажиллах хурдаа огцом нэмж, зогсоо зайгүй шахуу төлөвлөгөө ёсоор дэлхийг тойрон аялан тоглодог болсон байна. Гэрлэснийхээ дараа Филипп эхнэрээ дагуулан Болгарын нийслэл София хотод очиход тэднийг халуун дотно угтаж авлаа. Алла ч энэ хотоос Алдрын гараагаа эхлэхдээ болгарын хөгжмийн зохиолчийн зохиосон дуу болох "Арлекино"-г дуулж "Алтан Орфей" хүртсэн бол энэ удаа тус наадмын шүүгчээр уригдаж ирэхдээ Болгар нөхөртэй болоод ирсэн нь хувь тавилангийн бас нэгэн сонин тохиолдол байлаа...          

 

Таны сурталчилгаа