Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг. Улмаар уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр буюу 2019.12.13-ны өдрийн 14 цагт эхэлсэн. Шүүхээс Б.Махбалд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж, Б.Махбалд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.