Хүмүүн бид ирээдүйд угтан буй гамшиг хорт утааны баггүйгээр хэдхэн мөч ч амьсгалах эрхгүй амьдрах гунигт тавилан руу алхам алхмаар дөхсөөр…
Өвлийн жиндүүхэн өглөө сэтгүүлч миний бие ажилдаа яаран гүйсээр автобусанд амжиж суулаа. Сул суудал олж тухласан миний анхаарлыг FM-ийн хөтлөгчийн яриа эрхгүй татаж байх юм. Хөтлөгч залуу оролцогчдоосоо “Монгол улсын нийслэл Улаанбаатар бусад хотоос юугаараа ялгаатай вэ?” хэмээх асуулт тавина. Харин зогсоо зайгүй шууд утсаар холбогдох оролцогчид “нийслэл хот маань уулсын дунд оршдогоороо, газар нутгийн байршлаараа, Азийн цагаан дагина тодотголоороо бусдаас өөр” хэмээн түмэн янзын, тэр дундаа гэгээлэг гэнэн хариултыг өгцгөөх аж. Дээхэн үедээ дэд бүтэц сайтай, эмх цэгцтэй, хог хаягдалгүй, хорт утаанд дарлуулаагүй жинхэнэ Азийн цагаан дагина хот байсан учраас сүүлийн хариултыг хэрэндээ л дэмжиж суулаа. Гэтэл сонсоход таатайхан эдгээр хариултууд харамсалтай нь “бай”-гаа оносонгүй.
Гэтэл бодолд автсан зорчигчдын сэтгэлийг сэртхийтэл хөтлөгч зөв хариултыг хэллээ. “Монгол улсын нийслэл Улаанбаатар хамгийн их утаатайгаараа бусад орны нийслэлээс ялгаатай байдаг юм” хэмээв. Маргах эцэсгүй уг хариултыг сонссон хэн ч үл дуугарна. “Тэгвэл одоо бид Азийн халтар хар авгайнд амьдарч байгаа юм байна л даа” хэмээцгээн зүггүйтэн дэргэд нь найзархан дөхөх гамшгийг үл ойлгон инээлдэх залууст зэвүү, дургүй хоёрын аль аль нь хүрсэнгүй, харин ч өрөвдөнө…
2… он… Давхар давхар шүүлтүүр бүхий автобусны цонхоор манаран харанхуйлах утаан дундуур баргар царайлан бэдрэх ижил төрх бүхий хүмүүсийг гунигт нүдээр ширтэн явлаа. Баяр баясгалан үл мэдрэгдэх тэдгээр хүмүүс бүгд гарт минь байгаатай ижил баг өмсөцгөөсөн нь нэгэн хэвэнд цутгасан адил сэтгэгдэл төрүүлэх нь уйтгартай. Нийтийн тээврийн унаа эсвэл албан байгууллагад ороод л зүдгүүрт резинэн багаа тайлах эрх тэдэнд хальт олгогдоно. Гэхдээ дураар инээж хөөрч, хоорондоо элдвийг ярих хориотой. Учир нь харь орноос өндөр үнээр авчрах “цэвэр агаар”-ын нөөц хомс болохоор шаардлагатай ганц хоёр үгсээ хурдхан солилцоод л эргээд үхмэл нам гүм байдалдаа эзлэгдэх нь гачлантай.
Хүүхдийн хөөр баяр, эцэсгүй шулганах хайр хүрэм яриа, товор товор алхах хөлийн чимээ гадаа гудамжинд сонсогдохоо болиод хэдий хэр удсан юм бүү мэд. Хорт утаа агаарын давхаргаас доошлох тутам улам давхарлан бөөгнөрч хор нь идэвхждэг учраас нялх үрсийн минь хөл ийнхүү хоригдсон аж. Сургууль цэцэрлэгүүд мөн л бяцхан эзэд шигээ үүд хаалгаа бариулж, үзвэр үйлчилгээний газрууд хөгжил хөөр дагуулах залуусаар дутан тэднийгээ үгүйлэн гуниг дагуулан эзэнгүй дүнхийнэ. Харин энэ манарсан утаат харанхуй хотод хүний хөл үл тасрах нэг л газар бий.
Энэ бол эмнэлэг. Хорт утаанд аль хэдийнэ уушгиа идүүлсэн хүмүүс, ой санамж нь саармагжиж арьс нь өвчилсөн хөгшид, төрөлхийн уушгины эмгэгтэй нярай, мөгөөрсөн хоолой нь үрэвссэн балчирхан иргэдийн шаналалд эмнэлэг тарчилна. Эхээс мэндэлсэн даруйдаа ханиалган, бачуурах нялхсаа гунигтайгаар тосон авах утаат эх орон нь тэднийгээ төдөлгүй буцаан илгээх нь харамсаад ч барахгүй гамшиг. Хэн хэзээ хэрхэн хийсэн нь ойлгомжтой үйлээ хүн төрөлхтөн эдлэн шаналан буй нь энэ.
Давшгүй бэрх зовлонг үл тэсвэрлэх залуу гэр бүлүүд ахиж хүүхэд төрүүлэхгүй хэмээн эргэлтгүй шийдэцгээх нь энэ улс цаашид орших, эс орших дээсэн дээр дэнжигнэхтэй ижил.
Жилийн дөрвөн улиралтай, газар дороо эрдэнэстэй, хаяа нь үл харагдам үзэсгэлэнт байгальд нь таван хошуу мал нь талаар таран бэлчдэг баялаг энэ орон “байсан” олон тодотголоосоо нэгэнт хагацжээ. Үлдсэн хоёрхон улирал нь сэрүүхэн, бүүдгэрхэн болохоор ямар нь үл мэдэгдэнэ. Бараан өнгөтэй цас хааяа будрахад өвлийн улирал иржээ хэмээн барагцаа авна. Аймшигт утаа, амьсгалах агаарыг үгүй хийсэн шигээ хүнсний эх үүсвэр хэдэн малыг нь ч аажмаар залгисаар л…
Гэрээсээ гарч алтан нар, цэнгэг агаар гэж юу болохыг үзэж мэдэрч байгаагүй үр минь хэзээ нэгэн цагт хэвлэгдэж байсан хуучин сэтгүүл дээрээс уснаа шумбан, элсэн дээр тарвалзан наадах үеийнхнийхээ зургийг гайхан ширтэнэ. Ийм үе байсан, ингэж болдог эсэхэд гайхшран харанхуй бүүдгэр орчинд удсанаас үүсэлтэй цагаан сормууст нүдээ гялалзуулан шалгаах нь ял асуух шүүгчээс хүнд даваа аж. Ийм аймшигт үе ирэх байсныг бүгд мэдэж байсан ч яагаад, ямар шалтгаанаар энэ гамшгийн эсрэг гараа өчүүхэн ч хөдөлгөөгүйдээ өөртөө гомдоно.
Гоо үзэсгэлэн, гоё сайхан бүхэн аажмаар алдагдан байгаа энэ орны эмэгтэйчүүд урт сайхан гэзэгнээсээ хэдийнээ хагацаж, хэзээ зүсэндээ анхаарал хандуулснаа бараг мартжээ. Хором хагацах эрхгүй хорт утааны баг нь тэднийг гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болсон гэзэгнээс нь салгаж, хайр найргүй хайран зуурах резинен нь арьсыг хөхөн улцайлгана. Хэзээ нэгэн сайхан цагт улаан өнгө суусан нүдийг галзуу солиотойн илэрхийлэл хэмээн шоололддог байсан бол өдгөө энэ асах мэт хурц өнгө тэдний нүднээс салахаа нэгэнт өнгөрчээ.
Өөрсдийн буруугаас өндийлгөн тэжээж, биежүүлэн бэхжүүлсэн хорт хар утаанд идэх хоол амьсгалах агаараа булаалгасан тэд өдөр хоног өнгөрөх тутам өөрсдийгөө өргөл барьц болгосоор.
Дэлхийн талыг эзэлж, тэмтрэн шунагтах дайсныг сэлэмний ир, морины туурайгаар дарчиж явсан хүчирхэг Чингис хаан хойч үе, үр садаа иймхэн зүйлд өвдөг сөхөрч, барих барьц, харагдах тэмдэггүй “дайсан”-д эзлэгдэн сүйрнэ чинээ зүүдлээ ч үгүй биз.
Уух ус нь хэмжээтэй идэх хоол нь тоотой амьдралыг хүн заяат амьтан тэсээд гарч дөнгөх ч амьсгалах агаар гэдэг энэ мэт зүйлтэй даанч зүйрлэх аргагүй эрдэнэ аж.
Сайн сайхан цагийн ирмэгээс цухас боловч зууран амьдарсан бид өөрсдийн гараар бий болгосон гамшигтаа нэрвэгдэн дуусахад гомдох зүйл алга. Харин алтан нар, цэнхэр дэлхий, цээж дүүрэн амьсгалах “төлбөр”-гүй цэвэр агаар гэж юу болохыг үзэж мэдрээгүй үрсээсээ түмэнтээ мэхийн уучлал гуйя. Аав ээж чинь, ах эгч нар чинь энэ гамшгийг хазаарлаж дөнгөх байсан ч мөнгө хэмээх халтар цаасаар хэлхсэн гав гар хөлийг минь дөнгөлчихсөн байсан юм шүү. “Хожимджээ, бид хожимдож”…
Өвлийн хүйтэн салхи жиндүүлэн хайрахтай зэрэгцэн нүүрсний гашуун утаа хамар хорсгоно. Бас нүд харанхуйлна. Бид одоо л хийхгүй бол дахих боломжгүйгээр оройтно.
НҮҮР ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭН ЗӨРӨХ ЦАРАЙ БҮРИЙГ ХҮЙТЭН ЦЭВДЭГ БАГТАЙ ХАРАХЫГ ҮЛ ХҮСНЭМ. ОДОО ЭСВЭЛ…