Цаг үеийн мэдээ

          /ГАШУУН ШҮҮМЖ/

МОНГОЛ УЛС ХҮҮХДЭД ОРОН.  ЯАГААД ГЭЖ ҮҮ?

ЯАГААД ГЭВЭЛ Монголд хүүхдүүдээ хүмүүжүүлэх цэцэрлэг хангалттай байдаггүй. Түүнээс шалтгаалаад хүүхдүүд гэртээ харгалзах хүнгүй хоцорч ахуйн аюулд өртөн тахир дутуу болох цаашлаад амь насаа алддаг.

ЯАГААД ГЭВЭЛ Монголд өвдсөн хүүхдүүддээ хүлээж аваад хэвтүүлж эмчлэх хүүхдийн эмнэлэг хангалттай байдаггүй учраас эмнэлгийн хонгилын хүйтэн шалан дээр бяцхан үрс минь “эмчлүүлэхээр” хэвтэцгээж байна.

ЯАГААД ГЭВЭЛ Монголд хүлээсэн үүрэгтээ үнэнч, эзэмшсэн мэргэжлээ хүндэлдэг хүүхдийн эмч нар ховор учраас бяцхан үрсийн минь эрүүл мэнд мөнгөний золиос, туршилтын туулай болж байна.  

Энэ мэтчилэн тоочоод байвал нэг хуудас байтугай нэлээд хэдэн хуудас ч багадах биз. Наад зах нь манайх шиг хүүхдүүдээ ханиаданд дарлуулдаг улс байдаг болов уу ер нь. Хүйтний улирал эхлэв үү хэдэн хүүхэд нь ханиад хүрдэг зуршил нэгэнт энэ улсад тогтсон. Улсын хэдхэн эмнэлэг нь өвчтэй хүүхдүүддээ агуулж багтааж чадахаа больж, эмнэлгийнхээ хонгилоор нялхас нь зулчихсан байгааг харахад өр өмөрнө. Эрдэмтэн мэргэд, эмч нар нь эдгээж чадахгүйдээ тэрүү “сүүлийн үеийн ханиадны вирус нь арзгар барзгар элдэв хэлбэртэй болчихоод барагтай эмэнд туугдахаа больсон хэмээн инээд хүрмээр онол дэвшүүлж, хүүхэд нь ханиад хүрч хүндэрсэн эцэг эхчүүдийг айлгах. Улсын эмнэлгүүдийн даац хэрээс хэтэрсэн учраас аргаа барсан эцэг эх энэ ч сайн, тэр ч гайгүй хэмээн ам дамжсан яриагаар хүүхдээ үүрч дүүрэн хувийн эмнэлэг бүрийн хаалга сахина.

ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛД СЭТГЭЛ НЬ ТЭНИЙХГҮЙ ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД

“Зовлон тохиолдоход лам баярлана, зуд болоход ноход баярлана” гэгчээр хувийн хэдэн эмнэлэгийнх нь үзлэгийн үнэ нь тэнгэрт хадчихсан байх. Эмч та бүхэн сэтгүүлч миний зүйрлэлийг хатуудсан хэмээн гомдоллож буй бол та бүхний 5-10 минутанд үзэж тавьсан “онош” тань 25,000-40,000 төгрөгийн ханштай байгаа нь хямрал нүүрлэж хэтэвчиндээ захирагдсан иргэдэд дэндүү хатуудсан дарамт болоод байгааг дуулгая.

 Бүр зарим нэг нь гурван минутанд багтаан үзлэг хийдэг гэх. Эхний хүүхдээ бүрэн үзэж дуусгаад гаргаагүй байж дараагийн хүүхдийг оруулдаг, дандаа хүчтэй эм бичиж өгдөг, эсвэл чагнаж хоолойг нь харсан болчихоод хүүхэд бүрт нэг л төрлийн эмээ бичиж өгөөд сууж байдаг эмч нар ч байна.

Уг нь тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлөөс сэргийлэн хамгаалах олон улсын “Хүүхдийн өвчний цогц менежмент” гэж хөтөлбөр бий. Тэнд зааснаар эмч нэг хүүхдэд ойролцоогоор 26-30 минут зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд эмч хүүхдийн толгойноос хөл хүртэл цогц үзлэг хийж, оношилж зөвлөгөө өгөх ёстой гэнэ.

За яахав өвчлөл их, өвчтэй хүүхэд олон байгаа шалтгаанаар энэ байдал амьдралд хэрэгжихгүй байж болноо. Аль болох олон хүүхдэд хүрч үйлчлэх гээд байгаа бол тооноос чанар илүү гэдгийг бодолцож байгаарай эмч нар минь. Гурван хүүхдийг хурдан үзэж дутуу онош тавьж байснаас нэг хүүхдийг бүрэн гүйцэд үзэж, бүрэн оношилж, аав ээжид нь зөвлөгөө өгч, таарах эмийнх нь жорыг бичиж өгөөд гаргавал ядаж тэр хүүхэд ахиж өвдөөд ирэхгүй л болох юм шиг. Аль эсвэл дутуу эмчилж,ахин дахин ирүүлж өөрийн орлогоо боддог тангараг өргөсөн эмч даанч баймгүй.

Нэг эмчид хэд хэд очоод хүүхдийнх нь ханиад дарагдахгүйгээс эцэг эхчүүд ахиад өөр эмчийг зорино. Өнөөх эмч нь өмнөх эмчийн онош, бичиж өгсөн эмийг нь үгүйсгэн байж өөр эм санал болгоно. Өнөөхийг нь уугаад аз болж эдгэх нэгэн байхад эдгэхгүй зовоох нь ч бий. Бүр зарим эмч “бичиж өгсөн эмийг уугаад эдгэхгүй бол эргээд ир өөр эм бичиж өгнөө л” гэх. Буруугаар бодвол эмч өөрөө ч сайн мэдэхгүй эмээ хүүхдэд минь туршаад байна уу гэлтэй.

Гэтэл өндөр хөгжилтэй улсад иргэд нь ханиад хүрч, тэр нь хүндэрч эмнэлэгт хэвтдэг, цаашлаад ханиаднаас шалтгаалж амь насаа алддаг тохиолдол байдаггүй гэнэ.

                

Иргэдээ өвчин тусахаас нь өмнө хамгаалж чаддаг дархлааг хэзээ суулгаж чаддаг болох юм бол доо. Хятадад найтаахад Монголд ханиад хүрдэг байдал хэзээ арилах юм бүү мэд.

Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэгчээр хүний олон үрсийн төлөө унтах нойроо хасан байж борви бохисхийлгүй ажиллаж, тэмцэж байгаа эмч олон бий. Та нарынхаа ажлыг энд үгүйсгэх гэсэнгүй, харин ч талархал илэрхийлье.  Харин та бүхний ард зовлон тохиолдоход зоо нь тэнийсэн эмч сэтэртэнгүүд цөөн бус байгааг энэ мэтчилэн шүүмжлэхээс өөр арга алга.

Яг ийм хүнд цаг үед бүгд биш юмаа гэхэд ядаж хүүхдийн эмч нар нь үзлэгийн хөлсөө буулгаад үзээч. Эсвэл нэг айлын хоёр хүүхдийг үзэхдээ тал үнээр нь үзэж байгаач. Хувийн эмнэлэгийн эмч та бүхнээс 0-16 нас хүртэлх насны хүүхдээ үнэ төлбөргүй үзүүлэх эрхтэй хэмээн Үндсэн хуулийнхаа заалтыг бариад давшлаагүй гэдгийг ойлгоорой.

Дэлхийн эрүүл мэндийн стандартад заасны дагуу хугацаагаар хүүхдээ хөлийн улнаас толгой хүртэл нь нягт нямбай үзүүлж оношлуулмаар байна. Хүүхдийн нас, биеийн жин, өвчний онцлогт нь таарсан жорын дагуу эм бичүүлж, хүүхдээ хэрхэн асрах дэлгэрэнгүй зөвлөгөөг авмаар байна. Өвчтэй хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөөг нь олгож, сэтгэлийн дарамтгүй үр хүүхдийг нь асруулмаар байна.

Ядуу зүдүү, иргэдийнхээ төлөө бус нийгэмтэй улсад төрсөн нь бяцхан үрсийн минь буруу биш.

Таны сурталчилгаа