Өнөөдөр Даваа гараг. Гэхдээ яагаад ч юм Баасан гарагийн талаар энд дуугарахгүй бол боломгүй санагдлаа. Гарагийн долоон өдрөөс чухам яагаад Баасан гарагийг баярын өдөр мэт илүүд үзэх болсныг мэдэх юм алга. Энэ өдөр эрхэм “ШОУЧДЫН” хамгийн чухал өдөр байж тухайн өдрийг алгасалгүй тэмдэглэсээр ирсэн нь гайхмаар. Гэхдээ Баасан гарагийн баяр тухайн өдөртөө үргэлжлээд дуусдаг бол бас яая гэхсэн. Гэтэл шалтгаан үгүй уг шоудалтын халдвар бямба, ням гарагуудыг дайрдаг нь дэндүү гамшиг. Зөв зохистой амарч байх амралтын хоёр өдрийнхөө нэгийг нь архидаж нөгөөг нь шартсан толгойгоо тэвэрч хэвтээд өнгөрүүлсэн хүмүүст "Даваа" гараг жинхэнэ тамын өдөр байх нь ойлгомжтой. Тийм хүмүүсээс ажын бүтээмж, үр дүн гэх бүтээлч үгнүүдийг хүсээд хүлээгээд ч нэмэргүй билээ.
БААСАН ГАРАГ
Хүүхэд багачууд хичээл, сургууль руугаа гүйж, ажилтан албан хаагчид ажлын зүг яарсан жирийн л нэг өдөр. Гэвч нар жаргаж харанхуй болох үест өнөөх жирийн өдрийн ул мөр сураггүй алга болж, хот хөдөлгөөнд орж эхэлнэ. 20.00 - энэ бол эрхэм шоучдын жинхэнэ ажилдаа ордог цаг. Энд тэндхийн баар сав, диско клубууд нээгдэж, өнгийн гэрлээ анивчуулж, үүдний хамгаалагч нар нь хүүхэд залуусыг шоуны амьдралд оруулахаар уриалан дуудна. - “Суудал байгаа шүү, хэдүүлээ вэ?” хэмээх үг бол баарны хамгаалагч нарын орлогоо булаалцалдаж буй нэг хэлбэр. Мөн нөгөө талаар хүмүүсийг шоу цэнгээнд уруу татан, шоучны амьдрал руу умбуулж буй эхний алхам юм. Нийслэл хотод мань эрхэм шоучдыг багтаах баар сав, цэнгээний газрууд ховор гэхийн “зовлон” хаа очиж алга.
Зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд баар, цэнгээний газар 800-1000 орчим бий гэсэн албан ёсны бүртгэл бий. Сурч боловсрох насандаа яваа оюутан залууст хэрэгтэй туйлын хэрэгтэй номын сангаас хамаагүй олон байгаа биз?
Сэтгүүлч миний бие энэ өдөр энэхүү нийтлэлээ улам баяжуулахын тулд баарны гадна “шоучин” хэмээх шинэ мэргэжлийг тултал эзэмшсэн хэсэг хүмүүсийг жаал ажиглалаа. Дэргэдүүр минь нэлээд халамцуу байрын гурван залуу чанга чанга дуугаран өнгөрлөө. Гэтэл тэд өөдөөс ирж яваа гурван охиныг шууд л өдөн яриа өрнүүлэх юм.
Өнөөх охидыг ажиглах нь ээ ахлах ангийн сурагчид бололтой. Өвлийн хүйтэнд энгэр заамаа задгай тавьчихсан, богино банзал, өндөр өсгийтэй гутал зэрэг хэзээ язааны том хүүхнүүд мэт. Ингээд төд удалгүй өнөөх залуус охидыг ядах юмгүй эгнээндээ нэгтгэн тэд зургуул болоод мөнөөх баар луу яваад орчихлоо. Эрхэм шоучдын жинхэнэ оргил үе нь эхэлж байгаа бололтой. Цаг харахад оройн 22:30 минут болсон байв. Чанга хөгжим дуугарсан, өнгө өнгийн гэрэл цацруулж буй энэ бааранд энд тэндгүй л согтуу хөлчүү хүмүүс хөглөрч, аагаа багтаасан нэг нь хоорондоо маргалдан хэрүүл зодоон үүсгэж байхад бусад нь олон нийтийн газар байгаа гэдгээ умартан нялуурцгаана.
Архинд умбасан нэг монгол хүнд 8.6 литр архи ноогддог.
За тэгээд шоучдын хоёр дахь үйл ажиллагаа нь юу гээч. Магадгүй уншигч та бүхэн таамаглаж л байгаа байх. Мэдээж хоног төөрүүлэх газар буюу их хотын булан тохой бүрт хөглөрөн байдаг зочид буудал.
ШОУНЫ 2 ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Хаашаа л харна англи, монгол үсгээр “Hotel”, “Motel” гэсэн хаягтай зочид буудлууд мөнөөх шоучдын үүр болсон баар, цэнгээнийх нь газарт бөөр нийлүүлэн байрлана. Савнаасаа бусдыг ядах зүйлгүй дийлэх архи хэмээх шингэн хор залуусыг сонголтгүйгээр зочид буудлын зүг хөтлөнө. Гэвч байдгаа бааранд үрсэн тэдний бэл бэнчин стандартын шаардлага хангахгүй бохир, өвчний үүр уурхай болсон зочид буудлын ганц өрөөнд л хүрнэ.
Одоо харин уншигч та бүхэндээ энэхүү нийтлэлийнхээ дагуу судалсан зарим нэг судалгаанаас дурдая. Одоогийн байдлаар манай нийслэлд “Hotel” гэсэн зочид буудлуудад хоногийн 20-30 мянган төгрөгийн үнэтэй, харин “Motel” буюу дэн буудлууд нь хоногийн 18-25 мянга, цаг нь 4000-6000 төгрөгийн үнэтэй үйлчилж байна. Үүнээс гадна “бүтэн өдрийн турш” 10000-150000 төгрөгийн хооронд үйлчилдэг юм билээ. Ажиглаад байхад “Motel” буюу цагийн буудлуудаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн олонхи нь амьдралын түвшин доогуур иргэд байдаг бөгөөд тэд архидах, эсвэл маш хямдхан биеэ үнэлэгчтэй хоноглохоор дэн буудлуудыг зорин ирдэг байна. Тэднээс дутахгүй бас насанд хүрээгүй хүүхдүүд эдгээр буудлуудын орлогийн эх үүсвэр нь болж өгдөг хэмээх судалгаа байгаа нь цочирдмоор.
ЭЦСИЙН МӨЧИД:
Мэдээж хэрэг Баасанд баярлагчдын тал хувь нь эрүүлжүүлэх байраар үйлчлүүлээд энэ өдрийн хэрэг явдал дуусна. Эрүүжлүүлэхэд заларч албадан архиа гаргуулдаг хүмүүсийн 53 орчим хувь нь 25-39 насныхан.
Гэхдээ эрүүлжүүлэх хэмээх халуун дулаан байранд унтаад тухайн өдрийг дуусгаж байвал бас болж байнаа. Гэтэл цаана нь өөрөө амь насаа алдах, өрөөлийн амь нас, эрүүл мэндийг хохироох хэргийн тоо баримт буурахгүй байсаар байна.
Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс, 4,012 буюу 12.4 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасны улмаас 86,497 хүн саатуулагдсан. Нийт саатуулагдсан хүний 6.3 хувь нь эмэгтэй, 271 буюу 0.31 хувь нь насанд хүрээгүй хүн байна.
Харин охид эмэгтэйчүүдийн хувьд найз нөхөдтэйгээ нэг оройг зугаа цэнгэлтэйгээр өнгөрүүлэх санаа нь буруугаар эргэх тал ч бий. Тэд эцсийн үр дүнд хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилцгөөдөг гэвэл хатуу дүгнэлт биш биз.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр бэлгийн замаар дамжих халдвар өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар 9277 бүртгэгдээд байна. Нийт өвчлөлийн 32.4 хувийг заг хүйтэн, 38.7 хувийг тэмбүү, 28.7 хувийг трихомониазын халдвар, 0.2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна.
Монголчууд бид элдэв баярыг тэмдэглэхдээ гарамгай улс. Эдийн засаг хямралтай байна хэмээх үгсийг ам ангайх бүр л унагаж бараан царайлах ч баасан гарагийн үдэш идэш уушийн газар пиг дүүрч, инээсэн наргисан аз жаргалтай хүмүүсээр дүүрсэн байдгийг юу гэж ойлгох уу?
Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 96 хүний амь нас хохирч, 155 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртэн, иргэн аж ахуйн нэгж байгууллагад 413.4 сая төгрөгийн хохирол учирч, 80.1 хувийг нөхөн төлүүлсэн байна. Энэ нь Монгол Улсад 1 цаг тутамд 2-3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж байна гэсэн үг юм.
Нэг хэсэг хууль хяналт тогтоох байгууллагууд архидан согтуурахтай тэмцэх асуудалд хяналт тавья хэмээн сүржигнэцгээж, хэвлэл мэдээлэл бүр энэ талын мэдээ сурвалжлагаар бөмбөгдөж байсан. Гэтэл одоо таг чиг. Энэ талаар хэн ч дурьдаж, дурсахгүй болохоор архидан согтуурах байдал намжаа юу гэх төөрөгдөл байх. Тэгвэл эцсийн дүндээ байдал яг л хэвээрээ, наашилсан шинж тэмдэг харагдахгүй байгааг энд өгүүлье.
Эцэст нь “Баасан ахын төрсөн өдөр” хэмээх хэн зохиосон нь үл мэдэгдэх, жирийн нэгэн өдрийг жир биш өдөр болгон баясан баярлацгааж байгаа энэ байдлаасаа хэзээ татгалзах вэ? Наргиж цэнгэх нас гэж өөрсдийгөө өмөөрөхгүйгээр эх орноо, нийгэм эдийн засгаа архи, дарсаар доош нь таталгүй, соёл боловсролоо дэмжин үргэлж дээш чиглүүлсээр байх эрмэлзэлтэй болцгооё гэж хэлмээр санагдаж байна.