Сурагчдын хичээл эхэлж, гудамж талбайд хөл хөдөлгөөн ихэсчээ. Мөн сургуулиудын дэргэдэх жижиг мухлаг ТҮЦ-ээр орж гарах хүүхдүүдийн тоо тасрахгүй бөгөөд багачууд халаасны багахан мөнгөөрөө ямар нэгэн зүйлсийг худалдан авсаар гарах аж. Гэхдээ хүүхдүүд маань чухам юу авч идэж байгаа юм бол?
Бага ангийн хүүхэдтэй аав ээжүүдийн өдөр тутамд хүүхэддээ өгдөг халаасны мөнгө 1000 орчим төгрөгт эргэлдэнэ. Харин тэр 1000 төгрөгийг жижиг мухлагууд юугаар сольж авахаа харин ч нэг мэдээд байгаа юм. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдийнхээ сурдаг сургуулийн дэргэдэх жижиг дэлгүүрүүдээр ороод үзээрэй. Тэнд чанартай хүнс үзээд өгье гэсэн ч нүдний гэм. Учир нь багачуудын маань халаасан дахь хэд түүнийг нь авч хүчрэхгүй. Тэгэхээр дэлгүүрийн лангуун дахь бараа үндсэндээ Хятадын чихэр, гаа бохь зэргээр хязгаарлагдчихаж байгаа юм. Хамгийн аюултай нь бяцхан үрс маань нохой ч тоож үнэрлэхгүй хятадын хатаасан жимс бүхий чихрийг атга атгаар авч байгаа харагдана. Учир нь уг чихрийн ширхэгийн үнэ 50-80 төгрөг аж.
Мэргэжлийн хяналтын газрын сэрэмжлүүлэг
Мэргэжлийн хяналтын газар Хятад улсаас оруулж ирсэн хямд үнэтэй, хүүхдүүдийн худалдаж авах сонирхолтой, хаяг шошгогүй зах, дэлгүүр, түцээр зарагдаж байгаа хүнсний бүтээгдхүүнүүдээс хүүхдүүдээ онцгой сэрэмжлүүлэхийг анхааруулсан байна. Энэхүү нянгийн бохирдолтой бүтээгдхүүнүүдийн тоонд хятад чавга, хатаасан жимс, хятад цэлцэгнүүр, хятад шоколад, хятад шүгэлтэй чихэр багтсан бөгөөд эдгээрээс гэдэсний бүлгийн нян илэрсэн байна. Мөн хятад сүүтэй чихэр/Candy/, хятад олгой ундаа, хятад савхан печень, хятад мөхөөлдөснөөс гэдэсний бүлгийн нян илэрсэн байдаг. Мөн хүнсний бус будагтай гаа, бэлэн хоол, чулуун чихэр, задгай печень, задгай вафли, шоколадтай цэлцэгнүүр, тавлеткан чихэр, үрлэн чихэр зэргээс нянгийн бохирдол илэрсэн байна. Үүнээс гадна хуурай сүү, сүүн бүтээгдэхүүнээс меламин, дамбаоли хөөлт хар тугалга илэрсэн бол шүдний оо химийн бодисын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байгааг сэрэмжлүүлсэн байна.
Эрүүл мэндэнд нөлөөлөх нь:
Шинжилгээний үзүүлэлтээр нянгийн өндөр бохирдолттой гарч байгаа эдгээр хүнсийг хамгаас хайртай үрс маань өдөр тутамдаа идсээр байна. Харин тэдний эрүүл мэндэд эдгээр хорт чихрүүд ингэж нөлөөлж байна.
Зарим улс оронд худалдаалахыг бүрмөсөн хориглосон дээрх хүнс хүний биед орсноор ходоодны хямрал, харшил арьсны тууралт үүсгэнэ. Мөн зарим бүтээгдэхүүний орцонд хүнсний цардуул, устөрөгчжүүлсэн ургамлын тос, бүр газрын тосны хаягдлыг ашигладаг аж. Уг амтат хорыг идсэнээр хүүхэд хэт хөдөлгөөнтөх, уур уцаартай болох, анхаарал төвлөрөл муудах, ой тогтоолт саармагжихаас гадна бөөрний өвчтэй болох магадлал нь өндөрсдөг байна.
Мөнгө улаан нүд цагаан
Хэдхэн халтар зоосны ашиг хонжоо харж эхийн сүүнээсээ ч гараагүй нялх үрсийг хортой чихэр жимсээр угжиж байгаа "та" жаахан ч болтугай сэтгэлтэй байгаач. Жижиг мухлагийн худалдаа эрхлэгч та бүхэн энэ талын мэдлэг хомс бол телевиз радио үз сонс. Хэрвээ мэддэг байгаад энэ бүхнийг хүүхдүүдэд худалдаалж байгаа бол ирээдүй болсон үрсийнхээ эрүүл мэндийг хайрлагтун.
Эцэг эх та бүхэн үр хүүхдүүд тань юу идэж хэрэглэж байгаад анхаарал хандуулж, үнэн бодит мэдээллийг хүүхдүүддээ өгч байгаарай!