Цаг үеийн мэдээ

Монгол улсын ЭМЯ, ХӨСҮТ, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгүүд хамтран “Сүрьеэгүй Ази Тивийн бий болгох арга замыг эрэлхийлэх нь” ОУ-ийн эрдэм шинжилгээний гуравдугаар хурлыг цахимаар зохион байгуулж байна. Хуралд БНСУ, Япон, Тайвань, Тайланд, Камбож, Зүүн Тимор болон манай улсын сүрьеэгийн салбарын мэргэжилтнүүд оролцож байна.

Хуралд Монгол улсын Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Дэлхий дахинд дахин сэргэж буй халдварт өвчин болох сүрьеэ өвчинтэй улс орнууд дан дангаараа биш хүчээ нэгтгэн хамтран тэмцэж, дэлхий нийтээрээ цар тахлын улмаас хүндхэн сорилттой тулгарсан энэ цаг дор “СҮРЬЕЭГҮЙ АЗИ ТИВИЙГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМЫГ ЭРЭЛХИЙЛЭХ  НЬ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна. Цартахлаас үүдэн сүрьеэгийн тусламж үйлчилгээг сулруулж болохгүйг тэрээр онцлоод өнөөдрийн хуралд цахимаар оролцож байгаа БНСУ, Япон, Тайвань, Тайланд, Камбож, Зүүн Тимор зэрэг орны зочид төлөөлөгчид болон Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа нийт зочид төлөөлөгчдөд Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс талархал илэрхийлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэсэн байна.

Сүрьеэ өвчин нь дэлхий дахинд хүн төрөлхтөний нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг болж байна. Энэ өвчин нь эмчлэгдэж эдгэрдэг хэдий ч 2000 оноос хойш дэлхий нийтээр 30 сая гаруй хүн нас барж байгаагийн дийлэнх нь Ази болон Африкийн улс орнуудад тохиолдож байна. Хэдийгээр дэлхий нийтэд covid-19 цартахал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаа ч бусад халдварт өвчний тусламж үйлчилгээг орхигдуулахгүй байх нь чухал юм.  

Сүүлийн жилүүдэд Ази тивийн улс орнуудын нийгэм эдийн засгийн үзүүлэлт сайжирсан хэдий ч сүрьеэгийн тархалт өндөр байгаа нь маш харамсалтай байгаа бөгөөд Азийн улс орнууд нэгдэн сүрьеэгийн эсрэг тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага байна. Иймд Монгол, БНСУ, Тайван, Тайланд, Камбож, Зүүн-Тимор болон Монгол зэрэг орнууд хамтран өөрийн орны сүрьеэгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэх, харилцан туршлага солилцох зорилгоор өнөөдрийн олон улсын хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Монгол улсад сүрьеэ, ялангуяа эмэнд тэсвэртэй сүрьеэ нэмэгдэж байгаа төдийгүй, манай хөрш зэргэлдээ орнуудад сүрьеэгийн өвчлөл өндөр байна. Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 47% нь БНХАУ, ОХУ болон Энэтхэг улсад  бүртгэгдсэн байна. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл манай хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ болон манай улсад өндөр байна.

Иймд өнөөдрийн энэхүү олон улсын хурлаар дээрх асуудлын хүрээнд бүс нутгийн хэмжээнд сүрьеэ өвчний эсрэг хамтран ажиллах, энэ өвчний хяналтыг шинэ шатанд гаргах чиглэлээр улс орны төлөөлөгчид оролцож, цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээр зөвшилцөж байна.    

 

Таны сурталчилгаа