Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2022.01.16/ Монгол бөхийн өргөөнд "Жем интернэшнл" группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох байсан ч цуцлагдав.

Тодруулбал: 2020 оны улсын баяр наадмын дараа допинг илэрсэн тул барилдах эрхээ 11 сараар хасуулсан улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар өнөөдрийн барилдаанд барилдахыг бөхчүүд эсэргүүцсэн. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд хоёр жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь 4-8 жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан хэмээн бөхчүүд эсэргүүцлээ илэрхийлэв. 

Улсын арслан Р.Пүрэвдагва барилдаанд өөрийн хүсэлтээр оролцохгүй гэдгээ мэдэгдэн бөхийн өргөөг орхисон. Харин МҮБХ-ноос даян аварга Н.Батсуурийг өнөөдрийн барилдаанаас өнжүүлэх шийдвэр гаргасан ч барилдааны нэгийн даваа эхлэхэд Н.Батсуурь аварга болон түүний аав, улсын харцага н.Намсрайжав нарын бөхчүүд МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн, барилдааны талбай дээр гарч ирэн, зогссон. Үүссэн нөхцөл байдлын улмаас Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав "Жем интернэшнл" группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг цуцалсныг мэдэгдлээ.

Таны сурталчилгаа