Цаг үеийн мэдээ

“Озон” дусал эмчилгээг хүүхдэд хийж буй зураг олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа билээ. Энэхүү асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл: “Улирал солигдож байгаа үед хүүхдүүд томуу болон томуу төст өвчний эхний үе шатны улирал эхэлдэг. Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд олноор цуглардаг энэ үед ханиад, томууны өвчлөл улам ихэсдэг. Хамгийн анхаарах ёстой зүйл бол дархлаа. Дархлаагаа амин дэмээр баялаг илчлэг хоол, хүнс хэрэглэх, тогтмол цагтаа  унтаж амрах, улиралдаа тохируулан хувцаслах хэрэгтэй. Озон дусал эмчилгээний тухай олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Озон эмчилгээний тухай Эрүүл мэндийн яам ямар нэгэн эмнэлзүйн удирдамж, зааврыг гаргаагүй. Эрүүл мэндийн байгууллага хуулиараа дүрэм, журмаараа төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан удирдамж, зааврын дагуу тухайн эмнэлэг эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэг явуулах ёстой байдаг. Эрүүл мэндийн яамны зүгээс өнөөдрийн хүртэлх хугацаанд “Озон” эмчилгээний зааврыг гаргаагүй байгаа. Аливаа шинэ эмчилгээг нэвтрүүлэхдээ заавал нотолгоонд суурилсан байх ёстой. Озон эмчилгээний эмнэлзүйн бүх чиглэлээр хийсэн олон улсын судалгаа бий. Сайн үр дүн байгаа хэдий ч өвчтөний аюулгүй байдалд нөлөөлсөн муу нөлөө байгаа учраас нотолгоо хангалттай биш гэж үзээд өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн яамнаас эмчилгээний заавар, зөвлөгөө гаргаагүй байгаа” гэв. 

Таны сурталчилгаа