Цаг үеийн мэдээ

“Asia Folk 2023” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмыг 2023 оны 06-р сарын 15-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ удаагийн наадамд БНХАУ, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, БНХАУ-ын Тайвань, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 20 орноос биечлэн 160, цахимаар 120 буюу нийт 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд гадаадын оролцогчид 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо ирэх юм. 

Наадмын хүрээнд төв талбайд 6 дугаар сарын 16,18-ны өдрүүдэд гадаадын болон монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтууд, үндэсний хувцастай парад, загварын шоу зохион байгуулагдахын зэрэгцээ гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд зэрэг олон үйл ажиллагаануудыг зохион байгуулна. 

“Asia Folk 2023” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам нь анх 2019 онд Улаанбаатар хотноо “Азийн ардын урлагийн наадам” нэртэйгээр зохион байгуулагдаж, 2020-2022 онуудад цар тахлын улмаас цахимаар зохион байгуулагдаж байсан бөгөөд 2023 оноос эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдахаар болж, НЗДТГ, НЖДҮҮДТ НӨҮГ, НСУГ-ын хамт олон бид “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацитай хамтран зохион байгуулж байна. 

Тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчууддаа Азийн улс үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэгэн дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.